Хөл бөмбөгийн ДАШТ-1962

Тавдугаар сар 12, 2026
Хөл бөмбөгийн ДАШТ-1962

Улаанбаатар2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) АНУ, Мексик, Канад гэсэн Хойд Америкийн гурван улсын 16 хотын 16 цэнгэлдэх хүрээлэнд зургаадугаар сарын 11-нээс долоодугаар сарын 19-ний өдрүүдэд болох гэж байгаа билээ. Энэ удаагийн ДАШТ-д түүхэнд анх удаа 48 орны шигшээ багууд өрсөлдөнө.

Хүн төрөлхтний их баяр цэнгэл наадам болох хөл бөмбөгийн ДАШТ болох гэж байгаатай холбогдуулан уншигчдадаа дэлхийн хамгийн том спортын баярын түүхийг цувралаар хүргэж байна. 

Хөл бөмбөгийн ДАШТ-1962

Хөл бөмбөгийн ДАШТ-19621962 оны хөл бөмбөгийн ДАШТ Чили улсын дөрвөн хотод (Арика, Ранкагуа, Сантьяго, Винья-дель-Мар) тавдугаар сарын 30-наас зургаадугаар сарын 17-ны хооронд зохион байгуулагдсан байна. 

1956 оны ФИФА-гийн их хурлаар Аргентин, Чили, ХБНГУ-ын ДАШТ-ийг зохион явуулах саналыг хэлэлцжээ. Хэдийгээр Аргентин улсын боломж илүү харагдаж байсан боловч Чили улс зохион байгуулах эрхийг авчээ. Энэ шийдвэрийг гаргахад Чилийн Хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Карлос Диттборны хичээл зүтгэл ихэд нөлөөлсөн гэж үздэг. Түүний байгуулсан гавьяаг мөнхжүүлж, Арика хотын цэнгэлдэх хүрээлэнг түүний нэрээр нэрлэсэн билээ. Харамсалтай нь, Карлос Диттборн тэмцээн эхлэхээс ердөө сарын өмнө 38 насандаа таалал төгссөн юм.

ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтод Ази, Африкийн багууд тивээсээ шалгараад заавал Европ юмуу Өмнөд Америкийн багтай тоглож байж эрх авах ёстой болсон тул эдгээр тивүүдийн багууд хоёр удаа дараалан ДАШТ-ий шигшээ тоглолтод оролцолгүй өнжиж байжээ. 

Энэ удаагийн тэмцээнд багуудыг дөрвөн хэсэгт хувааж, хэсэгтээ оноо тэнцсэн тохиолдолд бөмбөгний зөрүүг тооцон хасагдах шатны багуудыг тодруулахаар шийдвэрлэжээ. Шувтаргын тоглолтод Бразил, Чехословакийн шигшээ багууд шалгарч, бразилчууд 3:1-ийн харьцаатайгаар хожиж, дэлхийн аваргын цомыг хоёр дахь удаагаа дараалан хүртжээ.

Тус ДАШТ-ий сонирхолтой баримтуудыг дурдвал:

  • 1960 оны тавдугаар сард Чилид 9.8 баллын хүчтэй газар хөдөлж, тус улсад асар их хэмжээний хохирол учирсан юм. Энэ үед аргентинчууд ДАШТ-ийг өөрийн улс руу шилжүүлэх талаар хөөцөлдөж эхлэхэд нь Чилиийн ХБХ-ны тэргүүн Карлос Диттборн “Бидэнд ДАШТ-ийг минь үлдээгээд өгөөч… Бидэнд үүнээс өөр юу ч үлдсэнгүй” гэдэг алдарт үгээ хэлж байжээ.
  • Зургаадугаар сарын 13-нд Винья-дел-Мар хотод болсон Югослав, Чехословакийн багийн тоглолтыг 6 мянга хүрэхгүй үзэгч үзсэн нь түүхэнд хамгийн бага үзэгчтэй тоглолт хэмээн тэмдэглэгджээ.
  • ЗХУ, Уругвайн шигшээ багуудын тоглолтын үеэр Зөвлөлтийн тоглогч Численкогийн цохисон бөмбөг хаалганы араас торны цоорхойгоор орсныг шүүгч гоол гэж тооцжээ. Гэвч ЗХУ-ын багийн ахлагч Игорь Нетто хэсгийн хэсгийн шийдвэрлэх тоглолт байсан хэдий ч шүүгчид очиж гоол ороогүйг үнэнээр нь хэлж, “Fair Play” буюу шударга тоглолтын жишээг үзүүлж байв. Энэ тоглолтод ЗХУ эцэст нь хожсон юм.
  • 1962 оны ДАШТ алдарт Пеле болон Яшин нарын хувьд азгүй тэмцээн байв. Пеле Мексикийн шигшээтэй хийсэн тоглолтод нэг гоол хийсэн боловч Чехословактай тоглож байх үедээ урьд нь авсан гэмтэл нь сэдэрч ДАШТ-ийг дуусгасан бол Яшины хувьд ЗХУ-Колумбын тоглолтын үед тархи нь хөдөлснөөс шөвгийн наймд тааруухан тоглож баг нь хасагдаж байв.
  • Тус тэмцээний мэргэн буучаар ЗХУ-ын Валентин Иванов, Бразилийн Гарринча, Вава, Чилийн  Леонель Санчес, Унгарын Флориан Альберт, Югославын Дражан Еркович гэсэн нийт 6 тоглогч тус бүр 4 гоол оруулсан амжилтаар тодорсон байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн