Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 9 //. Боловсролын дэд сайд асан Д.Гантулга болон сайдын зөвлөхөөр ажиллаж байсан Ц.Алтансор нартай Боловсролын сайд Л.Энх-Амгалан өчигдөр уулзлаа.
Уулзалтын үеэр боловсролын салбарт өмнө нь хэрэгжүүлж байсан бодлогын залгамж чанарыг хадгалах, үйл ажиллагааны уялдаа холбоог бэхжүүлэх, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов. Сайд Л.Энх-Амгалан өмнөх удирдлагуудын эхлүүлсэн үр дүнтэй, сайн туршлагыг үргэлжлүүлэн хөгжүүлж, бодит үр дүнд хүргэх нь зүйтэй хэмээн онцолсон байна.
Дэд сайд асан Д.Гантулга нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг танилцуулж, уг төслийг боловсруулах ажлын хэсгийг ахалж ажилласнаа дурдлаа. Тэрбээр энэхүү хуулийн зорилго нь хүүхдийн цахим орчин дахь аюулгүй байдал, эрхийн хамгааллыг цогцоор хангах, нийгмийн сүлжээ ашиглалттай холбоотой харилцааг илүү тодорхой, зохицуулалттай болгоход чиглэж байгааг онцлов. Мөн хүүхдийг цахим дарамт, дээрэлхэлт, заналхийлэл, хувийн мэдээллийн зүй бус ашиглалт, сөрөг контентын нөлөөлөл зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зохицуулалтыг тусгасан талаар болон энэ чиглэлээр хийсэн судалгаа, олон улсын сайн туршлагын талаар дурдав.
Харин сайдын зөвлөхөөр ажиллаж байсан Ц.Алтансор Хүүхэд хамгааллын “Аюулгүйн сүлжээ” дээрэлхэлтийн эсрэг үндэсний загварыг танилцууллаа. Үе тэнгийн дээрэлхэлтийн талаарх ойлголтыг хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон боловсролын сургалтын байгууллага, олон нийтийн түвшинд өөрчлөх, идэвх оролцоог хангах замаар уг үзэгдлийг таслан зогсооход аюулгүйн сүлжээний зорилго чиглэж байгааг онцлов.
Энэхүү санаачилга нь үе тэнгийн дээрэлхэлтийг зөвхөн боловсролын сургалтын байгууллагын асуудал бус, нийгмийн хамтын хариуцлага хэмээн үзэж, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж буй талаар танилцуулсан талаар Боловсролын яамнаас мэдээлэв.