, 2026 оны дөрөвдүгээр сарын 30УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны энэ сарын 29-ний өдрийн хуралдаанаар Хүний эрхийн дэд хорооны даргыг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.
Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг нэр дэвшүүлж, танилцуулгыг хуралдаан даргалагч уншиж танилцууллаа. Нэр дэвшигч Х.Баасанжаргал нь 2004 онд Их Засаг их сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2009 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг бизнесийн удирдлага мэргэжлээр төгссөн. 2006 онд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авч, өмгөөлөгчөөр ажиллаж эхэлсэн. 2009-2011 онд “Сувд партнерс” хууль зүйн фирмд өмгөөлөгч, 2010-2011 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнд сургагч багш, 2011-2013 онд “Легал вэй” хууль зүйн фирмийн ахлах хуульч, өмгөөлөгч, 2013-2019 онд өмгөөллийн “И Эл Си” ХХН-ийн гишүүн, ахлах хуульч, 2020 оноос “Хөгжлийн шийдэл” ТББ-д өмгөөлөл, нөлөөллийн зохицуулагч, 2022 оноос “Хүний эрх-дэвшилтэт бодлогын хүрээлэн” ТББ-ын захирал, 2024 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа гэв.
Хүний эрхийн дэд хорооны даргыг томилох асуудлаар УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж, амжилт хүсэв. Ийн хэлэлцээд санал хураалт явуулахад, Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг сонгохыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 68.4 хувь нь дэмжлээ.