Хятадын стратегийн газрын тосны нөөцийг нэмэгдүүлнэ

 Хятадын эрх баригчид 2026-2030 оны эрчим хүчний салбарын зорилтуудыг танилцуулжээ. Дараагийн таван жилийн хугацаанд жилд олборлох газрын тосны хэмжээг 200 сая метр тонн буюу өдөрт 4 сая орчим баррелийн түвшинд тогтвортой байлгах зорилт тавьсан байна. Эл үзүүлэлт нь өнгөрсөн онд 216 сая тоннд буюу түүхэн дээд хэмжээнд хүрсэн бөгөөд энэ нь олборлолтын бууралтыг зогсоох олон жилийн хүчин чармайлтын үр дүн байв. 

Гэсэн хэдий ч одоогийн стратегид олборлолтын хэмжээг нэмэгдүүлэхээс илүүтэй одоогийн түвшнийг хадгалахад анхаарч байна. Учир нь, тус улсын ихэнх орд газрын нөөц шавхагдаж байгаагийн зэрэгцээ шинэ ордуудыг ашиглахад их хэмжээний зардал гарахаар байгаа юм. Мөн занарын нөөцийг олборлох ажил геологийн төвөгтэй нөхцөлөөс шалтгаалан амаргүй байдаг.

Үүний зэрэгцээ Хятадын газрын тосны хэрэглээ дээд хягаартаа ойртож байгаа юм. Шинэ таван жилийн төлөвлөгөөнд тусгаснаар газрын тосны дотоодын эрэлт 2030 он гэхэд хамгийн дээд түвшинд хүрэх бөгөөд цаашид хязгаарлах бодлого баримтлах аж. Үүнд тээврийн салбарыг ялангуяа автомашин болон ачааны тээврийг цахилгаан хөдөлгүүрт шилжүүлэх бодлого чухал нөлөө үзүүлнэ.

Харин байгалийн хийн салбарт эсрэгээрээ олборлолтыг цаашид нэмэгдүүлэх бодлого үргэлжилнэ. Төлөвлөгөөнд тодорхой тоо дурдаагүй боловч 2030 он хүртэл “цэнхэр түлш”-ний үйлдвэрлэл тогтвортой өснө гэж таамаглаж байна. Мөн баримт бичигт геополитикийн чухал ач холбогдолтой нэг төсөл дурдагдсан нь “Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойн төслийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх тухай юм. Энэхүү хоолойгоор Монголын нутгаар дамжуулан Оросын ордуудаас Хятадын хойд мужууд руу хий нийлүүлэх юм.

Мөн Бээжин нүүрсийг шингэн түлш болон хий болгон боловсруулах технологийн хэрэглээг өргөжүүлэхээр зорьж байна. Ирэх таван жилд зөвхөн зохицуулалт хийгээд зогсохгүй энэ салбарын үйлдвэрлэлийн хүчин чадлыг бодитоор нэмэгдүүлэх бодлого баримтална.

Дараагийн таван жилийн төлөвлөгөөнд эрчим хүчний аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулжээ. Хятад улс стратегийн газрын тосны нөөцийнхөө хэмжээг албан ёсоор мэдээлдэггүй ба үргэлжлүүлэн нэмэгдүүлэх зорилт тавьсан байна.

Шинжээчдийн тооцоолсноор тус улс одоогоор 900 сая орчим баррель нөөц бүрдүүлсэн бөгөөд энэ нь нийлүүлэлт тасалдсан тохиолдолд гурван сарын импортын хэрэгцээг хангах хэмжээ юм. Уг төлөвлөгөөнд улсын нөөцийг нэмэгдүүлэх, энэ чиглэлээр томоохон төслүүдийг хэрэгжүүлэх тухай дурдсан байна. Тухайлбал, 2025, 2026 онд дор хаяж 11 нефтийн баазад өргөтгөл хийх эсвэл шинэ байгууламж барихаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн