СИДНЕЙ, 2026 оны дөрөвдүгээр сарын 16 /TASS/. Австралийн Холбооны шүүх Хятадын армид хууль бусаар дэмжлэг үзүүлсэн хэрэгт буруутгагдаж буй Тэнгисийн явган цэргийн нисгэгч асан Дэниел Дагганыг АНУ-д шилжүүлэн өгөх шийдвэр гаргасан тухай “The Canberra Times” сонинд мэдээлжээ.
Тус сонинд бичсэнээр, Сиднейн шүүхээс 2024 оны тавдугаар сард гаргасан шилжүүлэн өгөх шийдвэрийг эсэргүүцсэн Дагганы давж заалдах гомдлыг Австралийн Холбооны шүүх хэрэгсэхгүй болгожээ. Шүүгч Жеймс Стелиос давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн зардлыг төлөхийг Дагганд үүрэг болгосон байна.
Австралийн иргэн болох Дагганыг 2022 онд Шинэ Өмнөд Уэльс мужийн Оранж хотод АНУ-ын эрх баригчдын хүсэлтээр баривчилснаас хойш хоригдож байгаа ажээ. Түүнийг баривчлах болсон шалтгаан нь АНУ-ын Хууль зүйн яам түүнийг 2012 онд Өмнөд Африкт байрлах хувийн нисэхийн сургуульд Хятадын Ардын чөлөөлөх армийн нисгэгчдийг сургахад тусалсан гэж буруутгасантай холбоотой. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол Дагган Америкийн шоронд 65 хүртэл жил хоригдох ял авч магадгүй байна.
Дагган өөрийг нь буруутгасан хэргийг үгүйсгэжээ. Түүний эхнэрийн хэлснээр, гэр бүлийнхэн нь шүүхийн шийдвэрийн дараа цаашдын эрхзүйн алхмуудыг авч үзэхээр төлөвлөж байна. Түүний өмгөөлөгчдөд шийдвэрийг давж заалдах 28 хоногийн хугацаа олгожээ.
Дэниел Эдмунд Дагганыг Австралийн цагдаа нар ямар нэгэн үндэслэл тайлбаргүйгээр баривчилсан бөгөөд тэрбээр гурван жил гаруйн хугацаанд хоригдож байгаа аж. Түүнийг шилжүүлэн өгөх тухай АНУ-ын Хууль зүйн яамны хүсэлтийг 2022 оны 12 дугаар сард гаргаснаас хойш нисгэгчтэй холбоотой шүүхийн хэлэлцүүлгүүд өмгөөлөгчдийн хүсэлтээр хэд хэдэн удаа хойшлогджээ. ASIO байгууллагын ажилтнууд нисгэгчийг хуурч Австралид авчирч, Америкийн эрх баригчдын хүсэлтээр баривчилсан нь хууль ёсны эсэхийг шалгахыг түүний өмгөөлөгчид шаардсан байна.