Хятадад олон дахин ашиглах боломжтой зөөгч пуужинг амжилттай туршжээ

ВЭНЬЧАН, 2026 оны долоодугаар сарын 11 /Xinhua/. Хятад улсад олон дахин ашиглах зориулалттай “Чанжэн-10Б” (Long March-10B) зөөгч пуужинг анх удаа амжилттай туршжээ.

Уг пуужинг долоодугаар сарын 10-ны баасан гарагт тус улсын өмнөд нутгийн Хайнань мужийн Вэньчан сансрын хөлгийн буудлаас хөөргөсөн байна. Хөөргөснөөс зургаан минутын дараа пуужингийн хурдасгуур салж, далайд байрлуулсан хөвөгч тавцан дээр төлөвлөсний дагуу амжилттай газардсан бөгөөд тусгай торон төхөөрөмжийн тусламжтайгаар “барьж авсан” гэж Хятадын Сансар судлалын шинжлэх ухаан, техникийн корпорац мэдээлжээ. Тус корпорацын мэдээлснээр, энэ нь торон систем ашиглан зөөгч пуужинг амжилттай эргүүлэн буулгасан дэлхийн анхны тохиолдол болж байгаа ажээ. Мөн туршилтын нислэгийн үеэр “Чанжэн-10B” зөөгч пуужин хиймэл дагуулыг урьдаас тогтоосон тойрог замд амжилттай гаргасан гэж Хятадын төрийн хэвлэлүүд мэдээлжээ. Энэ үйл явдлын дараа Хятадын сансар судлалын компаниудын хувьцааны ханш огцом өссөн байна.

“Чанжэн-10Б” нь 63 орчим метр урт, 5 метрийн диаметртэй, шингэн түлшээр ажилладаг арилжааны зориулалттай, олон дахин ашиглах боломжтой пуужин юм. Уг пуужин нь дэлхийн нам дор тойрог замд 16 тонн хүртэлх ачаа хүргэх чадалтай.

Энэхүү туршилтаар БНХАУ олон дахин ашиглах боломжтой сансрын пуужингийн салбар дахь АНУ-ын давамгайллыг эцэс болгохыг эрмэлзэж байна гэж тус улсын төрийн телевизээр мэдээлжээ. Хятадын “Long March-10B” пуужинг АНУ-ын тэрбумтан Илон Маскийн “SpaceX” компанийн дунд ангиллын “Falcon 9” зөөгч пуужинтай өрсөлдөхүйц гэж үзэж байна.

“SpaceX” компани анх 2015 оны 12 дугаар сард “Falcon 9” пуужинг тойрог замаас эргүүлэн буулгаж байсан бол 2025 оны 11 дүгээр сард “Blue Origin” компани “New Glenn” пуужингаа буулгаж байв. Одоогийн байдлаар “SpaceX”-ийн “Falcon 9” пуужинг жилд 150 орчим удаа буюу долоо хоногт гурван удаа хөөргөж байгаа бөгөөд түүний хурдасгуурыг хэдэн арван удаа ашиглаад байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн