Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадамд болоход 22 хоног үлджээ.
Бөхийн галуудын бэлтгэл жигдэрч, түрүүчээсээ наадмын сорилго барилдаанаа зохион байгуулах гэж байна. Энэ жилийн тухайд бөхчүүд зургаадугаар 10-наас хойш бэлтгэлдээ гарчээ. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан өмнөх жилүүдээс оройтож бэлтгэлд гарч байна. Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой гэдэг утгаараа 1024 бөх барилдана гэсэн хүлээлт бөхчүүд болон үзэгчдийн дунд бий. Тиймээс аймгууд наадмаа долоодугаар сарын 8-10, сумдууд долоодугаар сарын 5, 6-нд зохион байгуулах товыг гаргаад байна. Бөхийн галууд хаана гарч байгаа мэдээллийг хүргэе.
“Увс нуур” дэвжээ
Дархан аварга Н.Батсууриар ахлуулж, улсын харцага Т.Баасанхүүгээр удирдуулсан “Увс нуур” дэвжээний бөхчүүд “Басу” спорт цогцолбор дээр наадмын бэлтгэлээ 14 дахь хоног дээрээ базааж байна. Улсын өсөх идэр начин Л.Энхсаруул, улсын начин Х.Оргилболд, аймгийн хурц арслан Б.Өсөхбаяр, Ц.Мөнхбаяр, аймгийн арслан Г.Цоггэрэл, Э.Мөнх-Эрдэнэ, Б.Цагаанбанди, аймгийн заан Т.Батсүрэн тэргүүтэй 50 гаруй бөх бий. Б.Өсөхбаяр, Г.Цоггэрэл, Б.Цагаанбанди нарын хувьд өнгөрсөн өвлөөс хойш “Басу” спорт цогцолбор дээр тогтмол бэлтгэл хийж байгаа юм.

“Тэргүүн богд” дэвжээ
Улсын арслан Э.Батмагнай, харцага Н.Золбоо тэргүүтэй Баянхонгор аймгийн “Тэргүүн Богд” дэвжээний бөхчүүд төрөлх нутагтаа наадмын бэлтгэлд гарчээ. Тус галыг улсын харцага Н.Золбоо ахалж байгаа бол улсын арслан Э.Батмагнай, өсөх идэр начин Б.Эрдэнэхүү, начин Д.Цэрэнтогтох нар тэргүүтэй 80 орчим бөх энэ сарын 25-ныг хүртэл бэлтгэлээ базаах аж. “Тэргүүн Богд” дэвжээний улсын баяр наадмын бэлтгэлийн ахлах дасгалжуулагчаар С.Мөнхдуулдах, туслахаар аймгийн арслан Т.Дүүрэнсаран, хүчний дасгалжуулагчаар аймгийн начин О.Намнанжанцан нар ажиллана. Тэд дэвжээний сорилго наадмаа энэ сарын сүүлчээр Улаанбаатар хотод зохион байгуулах юм байна.
“Өлгийн хүчтэн” дэвжээ
Монгол Улсын заан Б.Серик, өсөх идэр начин Н.Мустафа тэргүүтэй “Өлгийн хүчтэн” дэвжээнийхэн Төв аймгийн Эрдэнэ сумын нутгийн “Харзтай”-д энэ сарын 15-наас наадмын бэлтгэлдээ гарах ажээ. Энэхүү галд улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 40 бөх бэлтгэлээ базаана. Өнөө жилийн хувьд “Өлгийн хүчтэн” дэвжээнээс аймгийн хурц арслан М.Еркебулан, У.Береке, аймгийн арслан Б.Төмөрбаатар, Е.Көптилек, Т.Эрболат нар улсын цол горилж байгаа юм.
“Хантайшир” дэвжээ
Энэ онд 25 жилийн ойтойгоо золгосон үндэсний бөхийн ууган дэвжээдийн нэг “Хантайшир”-ынхан Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт “Гео Мандал” амралтын баазад наадмынхаа бэлтгэлд гарчээ. Тус дэвжээний наадмын бэлтгэлийг улсын гарди Н.Ганбаатар удирдаж байгаа бөгөөд түүнийг өнгөрсөн дөрөвдүгээр сард “Хантайшир” дэвжээний ахлах дасгалжуулагчаар томилсон юм. Өнөө жил тус галаас аймгийн хурц арслан Э.Дашдэмбэрэл, аймгийн арслан Я.Бумбаяр, Ч.Эрдэнэсайхан, Ц.Эрхэмбаяр, Д.Эрдэнэтулга, заан Д.Төртогтох, харцага Г.Гантулга, начин М.Өгөөдэй, сумын заан Л.Отгонбаяр, Ө.Билгүүнээ, Э.Бат-Өлзий тэргүүтэн цол горилж байгаа юм. Бөхийн анхдагч дэвжээдийн нэг “Хантайшир”-ынхан маргааш бэлтгэлийн төвдөө наадмынхаа сорилго барилдааныг зохион байгуулна.

“Хан Хэнтийн аварга” дэвжээ
Улсын арслан Э.Оюунболд, харцага Г.Бадрах, начин О.Цэцэнцэнгэл, Ш.Отгонтөгс тэргүүтэй “Хан Хэнтий аварга” дэвжээний бөхчүүд баяр наадмын бэлтгэлээ Ар гүнтэд байрлах “Сонгинохайрхан” спорт цогцолборт базааж байна. Монгол Улсын гавъяат тамирчин, улсын начин Д.Пүрэвсүрэн, М.Жамьянпүрэв, аймгийн арслан Н.Баатархүү, Г.Ганцоож нарын удирдлагад 50 гаруй бөх нэгдэн бэлтгэлээ базааж байгаа аж. Өнөө жил хэнтийчүүд аймгийн хурц бадрангуй арслан Д.Алтанцоожийг харж буй. Зөвхөн Хэнтийнхэн төдийгүй бөх сонирхогчид түүнийг дээгүүр даваанд барилдана гэсэн таамаг дэвшүүлж байна.
“Булган” дэвжээ
Анхдагчдын өлгий нутаг Булган аймгийн бөхийн хоёр дэвжээ өнгөрсөн онд нэгдэж буйгаа албан ёсоор зарласан. Тэгвэл улсын өсөх идэр начин Б.Түмэндэмбэрэл, улсын начин Д.Амарсайхан, Д.Амаржаргал, Х.Цогтгэрэл, Э.Сумъяабат, Б.Түвшинтөгс, хурц арслан Б.Очирхүү, Ө.Сүхбат, А.Отгонбаатар, аймгийн арслан Б.Ганбаатар, М.Эрхэмбаяр тэргүүтэй “Булган” дэвжээний бөхчүүд Кувейтын аман дахь “Алтан шонхор” баазад бэлтгэлээ базааж байна. Тус дэвжээнийхэн наадмын сорилго барилдаанаа маргааш зохион байгуулахаар төлөвлөж, бөх сонирхогчид, нутгийн зон олноо урьжээ.
“Хөвсгөлийн хүчтэн” дэвжээ
Улсын арслан Ц.Содномдоржоор удирдуулсан “Хөвсгөлийн хүчтэн” бөхчүүд Төв аймгийн Баянчандмань сумын нутагт байрлах “Говь ресорт” олимпын баазад наадмын бэлтгэлээ базааж байгаа аж. Тус галд улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, улсын начин Б.Даваа-Очир, Ц.Сандагдорж, аймгийн хурц арслан Н.Баттүвшин, аймгийн арслан Э.Баасанжав, М.Баасанжав, П.Хүрэлбаатар, Ж.Хатанзоригт тэргүүтэй 60 гаруй бөх бэлтгэл хийж байгаа бөгөөд тус галынхан энэ сарын 27-нд сорилго барилдаанаа зохион байгуулахаар товлосон байна.
“Завхан даян” дэвжээ
Энэ жилийн наадмын гол өнгөнүүдийн нэг улсын заан М.Лхагвагэрэл тэргүүтэй “Завхан даян” дэвжээний бөхчүүд уламжлал ёсоорооо Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дахь ЦЕГ-ын харьяа “Сүүж” амралтын баазад бэлтгэлээ базааж байгаа юм. Улсын гарди Б.Гончигдамбаар удирдуулсан “Завхан даян” дэвжээний бөхийн бэлтгэлд улсын заан М.Лхагвагэрэл, харцага Л.Лха-Очир, Д.Бат-Эрдэнэ, начин Б.Бадамсүрэн, Т.Дүгэрдорж, Б.Чимэдвандан, аймгийн арслан Б.Нармандах, П.Өсөхбаатар тэргүүтэй 40 гаруй бөх хамрагдаж байгаа аж. Тус дэвжээний бөхчүүд хэдхэн хоногийн өмнө Отгонтэнгэр хайрхны тахилгад оролцсон Дэвжээний зөвлөхөөр тус нутгаас төрөн гарсан гарди цолтнууд ажиллаж байгаа юм байна. “Завхан даян” дэвжээ хоёр хуваагдсан байсан бөгөөд өнгөрсөн нэгдүгээр сард албан ёсоор нэгдсэн юм.

“Ховд” дэвжээ
Улсын аварга О.Хангайгаар ахлуулсан “Ховд” дэвжээний бөхчүүд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь “Харзтай”-н аманд наадмын бэлтгэлээ базааж байна. Улсын заан Ц.Мягмарсүрэн, Б.Пүрэвсайхан нарын удирдлагад улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 80 гаруй бөх наадмын бэлтгэлээ чамбайруулж байгаа аж. “Ховд” дэвжээнд 2025-2026 оны улирлын чансааг тэргүүлэгч аймгийн арслан М.Баяржавхлан болон Ц.Төмөрцоож, Ц.Адъяа, аймгийн хурц арслан У.Батцоож, аймгийн заан О.Чадалбат нарын улсын цол горилж буй хүчтэнүүд бий. Түүнчлэн цолоо батлах, цаашлаад ахиулах магадлалтай улсын заан Б.Бат-Өлзий, харцага Г.Ганхуяг, начин Б.Сосорбарам нар бэлтгэлээ жигдрүүлж байна.
“Бөхбилэгт” дэвжээ
Хүчтэний өлгий нутаг Архангайн бөхчүүд Төв аймгийн Баянчандмань сумын нутагт байршилтай Сүүж уулыг бараадан наадмын бэлтгэлд гарчээ. Дархан аварга Г.Өсөхбаяр, гарди Д.Рагчаа нар зөвлөхөөр ажиллаж байгаа бол улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн арслан Б.Чинбат нар дэвжээгээ удирдан бөхчүүдийнхээ бэлтгэлийг жигдрүүлж байна. Энэ галд улсын заан С.Сүхбат, харцага Б.Зоригтбаатар, О.Мөнх-Эрдэнэ, начин Э.Мөнхжаргал, аймгийн арслан Ө.Батсуурь, Б.Шаравдорж, О.Баярбаасан тэргүүтэн 50 гаруй бөх бэлтгэлд гарчээ.
“Дүнжингарав” дэвжээ
Дархан аварга А.Сүхбатаар удирдуулсан Төв аймгийн бөхчүүд Бугын сангийн аж ахуйд бэлтгэлээ базааж байна. Улсын заан Б.Батмөнх, Д.Хүдэрбулга, харцага Э.Ууганбаяр, начин Г.Ганжад тэргүүтэй 40 орчим бөх энэ жил наадмын бэлтгэлд хамрагдаж байгаа аж.
Үүнээс гадна улсын арслан Ц.Бямба-Отгон, харцага Б.Цэдэнсодном, Х.Гантулга тэргүүтэй дээрх дэвжээний бөхчүүд Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг Элсэн тасархайд наадмын бэлтгэлд гарсан байна. Харин улсын харцага Т.Өсөх-Ирээдүйгээр удирдуулсан Сэлэнгэ аймгийн “Таван хан” дэвжээ болон “Алдар” спорт хорооныхон Тэрэлжид “Найман шарга” баазад бэлтгэлээ базааж байгаа аж. Мөн улсын аварга П.Бүрэнтөгсөөр ахлуулсан гарди У.Бат-Орших, харцага Ц.Мөнхбаяр тэргүүтэй Увс аймгийн хүчтэнүүд “Увс нуур” дэвжээнээс тусдаа бэлтгэлд гарсан байна.
