Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 11 //. Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан Бүгд Найрамдах Солонгос Улсын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юн Чоль-той уулзаж, хоёр улсын санхүү, эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн явцын талаар өчигдөр санал солилцов.
ЭМЯ-ны мэдээлснээр, уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хавдар судлалын үндэсний төв-2” төслийн хэрэгжилтийг түргэтгэх асуудлыг хэлэлцэж, тус төвийн техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийг эрчимжүүлэхээр талууд тохиролцлоо.
Уг төслийг БНСУ-ын Экспорт-Импорт банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх хүсэлтийг Монгол Улсын Сангийн яам 2025 оны долоодугаар сарын 1-ний өдөр хүргүүлсэн бөгөөд хоёр талын ажлын хэсгүүд бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Мөн БНСУ-ын Экспорт-Импорт банкны дэд ерөнхийлөгч Со Жон Хуа-тай уулзах үеэр “Хавдар судлалын үндэсний төв-2” төслийн санхүүжилт, хэрэгжилтийн төлөвлөгөө болон хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй бусад төслийн явцын талаар ярилцаж, холбогдох үйл ажиллагааг авч ажиллахаар болжээ.