Уур амьсгалаас үүдэлтэй шилжилт хөдөлгөөний асуудлаарх Берлиний форумд зөвлөх Э.Одбаяр оролцов

, 2026 оны зургаадугаар сарын 23Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр энэ сарын 18–19-нд ХБНГУ-ын Берлин хотноо болсон Уур амьсгалаас үүдэлтэй шилжилт хөдөлгөөний асуудлаарх Берлиний форумд Монгол Улсын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчийн хувиар оролцож, сайд нарын хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын байр суурийг илэрхийлэв.

Тэрбээр уур амьсгалаас үүдэлтэй шилжилт хөдөлгөөний асуудал нь өнөөгийн улс төр, нийгэм, байгаль орчны тулгамдсан сорилтын нэг болж буйг тэмдэглээд, уг асуудлыг зөвхөн шилжилт хөдөлгөөний хүрээнд бус, хөгжлийн бодлого, тэсвэрлэх чадавх болон хүний эрхийн асуудалтай уялдуулан авч үзэх шаардлагатайг онцлов.

Монгол Улсын хувьд газрын доройтол, ган гачиг, усны нөөцийн хомсдол нь орон нутгийн иргэд, уламжлалт мал аж ахуйд бодит нөлөө үзүүлж байгааг дурдаад, газрын нөхөн сэргээлт, тогтвортой амьжиргаа, уур амьсгалын дасан зохицлыг бэхжүүлэх нь орон нутгийн тогтвортой байдал, иргэдийн сонголтыг хадгалах үндэс болохыг тэмдэглэлээ.

Мөн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын XVII бага хурлыг зохион байгуулагч орны хувьд газрын доройтол, уур амьсгалын тэсвэртэй байдал, тогтвортой амьжиргаа, хүний хөгжлийн асуудлыг нэгдмэл бодлогын хүрээнд авч үзэж, уур амьсгалаас үүдэлтэй шилжилт хөдөлгөөний эрсдэлийг бууруулах чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө ажиллаж буйгаа илэрхийллээ.

Түүнчлэн форумаас дэвшүүлж буй Уур амьсгалын шилжилт хөдөлгөөнийг шийдвэрлэх дэлхийн зарчимыг дэмжиж, хүний эрхэд суурилсан, хүн төвтэй, хөгжлийг дэмжсэн олон талт хамтын ажиллагааг ахиулах байр сууриа нотлов.

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шилжилт хөдөлгөөний асуудлаарх улс төр, бодлогын түвшний ойлголцлыг гүнзгийрүүлэх зорилготой тус форумд дэлхийн 50 гаруй улсын төрийн тэргүүн, салбарын сайд, өндөр түвшний төлөөлөгч оролцож, хамтын ажиллагааны нийтлэг чиглэл, бодлогын арга замыг хоёр өдрийн турш хэлэлцлээ. Форумын үр дүнд Уур амьсгалын шилжилт хөдөлгөөнийг шийдвэрлэх дэлхийн зарчимыг 52 улс дэмжиж буйгаа илэрхийлэв. 

Уур амьсгалаас үүдэлтэй шилжилт хөдөлгөөний асуудлаарх Берлиний форумд зөвлөх Э.Одбаяр оролцов

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн