Монгол Улс Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны форум (ФЕАЛАК)-ын Зүүн Азийн бүсийн даргалагч орны хувиар “Уул уурхайн долоо хоног–2026”-гийн хүрээнд “Дэлхийн нэн чухал эрдэс баялгийн өртгийн сүлжээн дэх Монгол Улс: нөөцөөс нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл рүү” сэдэвт ФЕАЛАК-ын дагалдах уулзалтыг ГХЯ-нд энэ сарын 18-нд зохион байгуулав.
Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид нэн чухал эрдэс баялгийг тодорхойлох шалгуур, найдвартай геологийн мэдээлэл, тогтвортой хөрөнгө оруулалтын орчин, дэд бүтэц, байгаль орчин, орон нутгийн иргэдийн оролцоог хангахын ач холбогдлыг онцолж, яриа хэлэлцээг бодит түншлэл, хөрөнгө оруулалт, технологийн хамтын ажиллагаа, нэмүү өртөг шингээлтэд чиглүүлэх шаардлагыг тэмдэглэж байв.
Энэ үеэр талууд Монгол Улсын нэн чухал эрдэс баялгийн нөөц, бодлого, эрх зүйн орчин, хөрөнгө оруулалт, хайгуул болон олборлолтоос боловсруулалт, баяжуулалт, үйлдвэрлэл, дахин боловсруулалт бүхий өртгийн сүлжээнд шилжих боломжийг хэлэлцэв. Түүнчлэн ФЕАЛАК-ын хүрээнд АНДЭЗНК-оос НҮБ-ын Латин Америк, Карибын эдийн засгийн комисс (ЛАКЭЗК)-той хамтран хэрэгжүүлж буй нэн чухал эрдэс баялгийн өртгийн сүлжээний төслийг танилцуулав.
Уг төсөлд Монгол Улс Зүүн Азийн бүсээс сонгогдсон кейс судалгааны орны хувиар оролцож, мэдлэг, туршлага солилцох, нэн чухал эрдэс баялгийн салбарын бодлого, институцийн чадавх, бүс нутаг хоорондын хамтын ажиллагаа, нэмүү өртөг шингээлтийг дэмжихэд чиглэж байгаа юм. “Эрчим хүчний шилжилтийг хангахад чиглэсэн нэн чухал эрдэс баялгийн өртгийн сүлжээний бүс нутаг хоорондын хамтын ажиллагаа” төслийг ФЕАЛАК-ын гишүүн орнууд хэрэгжүүлэхээр 2025 онд Улаанбаатар хотноо болсон Гадаад хэргийн сайд нарын X уулзалтаар тохиролцсон юм.
Тус уулзалтад Гадаад харилцааны яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, НҮБ, түүнчлэн НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК), Дэлхийн банк, ФЕАЛАК-ын Цахим нарийн бичгийн даргын газар, ФЕАЛАК-ын зарим гишүүн орноос Монгол Улсад суугаа ЭСЯ, Монголын чухал ашигт малтмалын ассоциаци, “Рио Тинто”, “Бадрах Энержи” зэрэг төр, төрийн бус, хувийн хэвшлийн болон олон улсын байгууллагын төлөөлөл оролцов.
