Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлаж байсан, ашиглалтын шаардлага хангахгүй болсон “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг буулгаж, оронд нь далд авто зогсоолтой цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийг багтаасан шинэ цогцолборыг байгуулсан.
Энэхүү шинэ орчныг аялал жуулчлалын төв болгон хөгжүүлэх, иргэд, залуусын амралт, чөлөөт цагийг өнгөрүүлэх таатай орчин бүрдүүлэх зорилгоор үндэсний онцлогийг шингээсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжихээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва мэдэгдлээ.

Тэрбээр “Жуулчид Монголыг зорьж ирээд үндэсний хоол болон “Street food” хайх, олохгүй байх зэрэг асуудал гардаг. Тиймээс “Урт цагаан” орчимд энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг болох, Монголын урчуудын гар урлалын бүтээгдэхүүнүүдийг худалдаалах үйлчилгээний хэсгүүдийг нэмэгдүүлнэ. Ингэснээр жуулчдын урсгал төвлөрөхөөс гадна залуучууд чөлөөт цагаараа соёлтой үйлчилгээг авах боломжтой болно” хэмээн ярилаа.
Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч Б.Сэмжидмаа “Бид цаашид жуулчны гудамжийг улам хөгжүүлж, Улаанбаатар хотын жуулчдыг энэ гудамж руугаа татан, хотын төв рүү хүмүүсийн урсгал бий болгох зорилготой. Тиймээс үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуй нэгж, иргэдийг бүтээгдэхүүн үйлчилгээний саналаа ирүүлэхийг урьж байна” гэв.


