Түншлэлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хамтарсан хорооны анхдугаар уулзалт болов

​“Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО) хамтран 2025-2027 онд хэрэгжүүлэх Түншлэлийн хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах зорилготой Хамтарсан хорооны анхдугаар уулзалт энэ сарын 30-нд цахимаар болов.

​Тус уулзалтад Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын төлөөлөл, мөн ЮНИДО-ын Ерөнхий захирлын ажлын алба, Ази, Номхон далайн бүс хариуцсан алба, аж үйлдвэрлэлийн салбарын газар хэлтсүүдийн удирдлага, шинжээчид оролцож, түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх тэргүүлэх чиглэл, хамтын ажиллагааны механизм, хэрэгжилтийн явцыг хангах зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэв.

​Өнгөрсөн оны 12 дугаар сард байгуулсан тус баримт бичиг нь тогтвортой, хүртээмжтэй аж үйлдвэрийн хөгжлийг дэмжих, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ногоон шилжилтийг эрчимжүүлэх, инновац болон технологийн дамжуулалтыг дэмжих зэрэг үндсэн зорилтуудад чиглэсэн бөгөөд манай улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” зэрэг үндэсний хөтөлбөртэй бүрэн нийцэж, үйлдвэрлэлийн салбарыг илүү стратегийн, нэгдсэн, бодит үр дүнд чиглүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болж буй.

​Уулзалтын үеэр талууд хөтөлбөрийн хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулах, уялдаа холбоог сайжруулах, үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог бэхжүүлэхэд онцгой анхаарахыг тэмдэглэв. ​Мөн цаашид төр, хувийн хэвшил, олон улсын түншүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар түншлэлийн хөтөлбөрийн зорилтыг амжилттай хэрэгжүүлэхийн чухлыг талууд онцоллоо.

Түншлэлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хамтарсан хорооны анхдугаар уулзалт болов

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн