Монгол Улсын ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, ойжуулалтыг эрчимжүүлэх төрийн бодлогын хүрээнд зохион байгуулж буй “Тэрбум мод экспо” үзэсгэлэн худалдааг өчигдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд нээлээ.
Тус үзэсгэлэн нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих зорилготой юм.
Нээлтийн үйл ажиллагааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр нээж, иргэдийг хаврын тарилтын улиралд идэвхтэй оролцон мод тарихыг уриалав. Тэрбээр мод тарих, ойжуулалтыг нэмэгдүүлэхэд төр, хувийн хэвшил, иргэдийн уялдаа холбоо, хамтын ажиллагаа чухал болохыг онцолж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь экосистемийг сэргээх, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх бодит шийдэл болохыг тэмдэглэв.

Үзэсгэлэн худалдаанд нийт 50 аж ахуйн нэгж, байгууллага оролцож байгаагаас 42 нь мод үржүүлгийн чиглэлээр, 8 нь бордоо, хөрс, хүлэмж, тоног төхөөрөмжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Мөн уг арга хэмжээ нь мод үржүүлгийн аж ахуй эрхлэгчид, тоног төхөөрөмж, хүлэмж, бордоо, ургамал хамгааллын бодис үйлдвэрлэгч, импортлогчдыг нэг дор цуглуулснаараа салбарын хамтын ажиллагаа, нийлүүлэлтийн сүлжээг өргөжүүлэх чухал платформ болж буйгаараа онцлог юм.
Иргэд, олон нийт тус үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр стандартын шаардлага хангасан 25 нэр төрлийн жимсний мод, бут сөөгний тарьц, суулгацыг баталгаатай эх үүсвэрээс худалдан авах, мөн мод тарих, арчлах талаар мэргэжлийн зөвлөгөө авах боломжтой.
“Тэрбум мод экспо” үзэсгэлэн худалдаа 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх аж.
