Торгоны замын жингийн цуваа Монгол дахь аяллаа Элсэн тасархай, Хархорины чиглэлд үргэлжүүллээ.
Эхлээд Элсэн тасархайд түр саатаж, тэмээ унан монголын говь, хангайн зааг болсон байгалийн онцлогтой танилцаад, Хархорум музейд зочилж, Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын түүх, археологийн олдворуудыг үзжээ. Хархорум нь Торгоны замын чухал зангилаа, өрнө дорны худалдаа, соёлын уулзвар байсныг музейн үзмэрээр дамжуулан танилцуулсан нь “Торгоны замын жингийн цуваа” аяллын хувьд онцгой ач холбогдолтой юм.
Үүний дараа аяллын оролцогчид Хархорин сумын Улсын аварга малчин О.Баянмөнхийнд очиж, хангай нутгийн малчин айлын ахуй, сүү цагаан идээ боловсруулах арга, ямаа саах, ноос савах, эсгий хийх уламжлалт үйлтэй танилцлаа. Зочид ноос савж үзэн, малын гаралтай түүхий эдийг өдөр тутмын хэрэглээнд хэрхэн боловсруулдгийг үзэж сонирхжээ.

Зөвхөн бараа бүтээгдэхүүн төдийгүй, соёл, мэдлэг, үзэл санааг соёл иргэншлийн хооронд түгээн дамжуулж ирсэн Торгоны замын цуваа нь газар нутаг, уур амьсгал салшгүй холбоотой бүс нутагт газрын нөхөн сэргээлт, экосистемийг хамгаалах, мал аж ахуйд суурилсан амьдралын хэв маягийг үеийн үед уламжлан тээж ирсэн малчдын үнэ цэнийг таниулж байна. Энэ санаачилга нь Улаанбаатар хотноо энэ сарын 17-28-нд болох COP17 хурлыг угтсан ажлын нэг хэсэг болж байгаа юм.