Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 30 //. НҮБ-аас зарласан олон улсын тайжи чюаны өдрийг тохиолдуулан БНХАУ-ын Чэнь овгийн Тайжи чюань дасгалын 12 дахь үеийн багш Чэнь Жуань болон түүний баг саяхан манай улсад ирж лекц, сургалт зохион байгуулсан билээ. Эрүүл амьдралын энгийн хэв маяг болох тайжи чюань дасгалаар хичээллэхийн ач тусын тухай түүнээс тодруулсан юм.
–Нэн түрүүнд сонирхож байгаа асуултаасаа эхэлье. Чигүн амьсгалын дасгал, тайжи чюань хоёр хоорондоо ямар ялгаатай вэ?
-Хоёулаа хийн дасгалууд. Тэгэхдээ тайжи чюаны хөдөлгөөн нь чигүнээс арай ярвигтай, илэрхийлэх хөдөлгөөний төрөл зүйл нь илүү баялаг. Мөн дээр нь тайжи чюань нь хийн дасгал төдийгүй бас тулааны урлагийн элементийг ч агуулдаг.
-Тэгвэл тайжи чюань дасгалыг сайн эзэмшээд авбал үшү-гээр хичээллэх суурьтай боллоо гэж ойлгож болох уу?
-Тэгж хэлж болно. Тайжи чюань нь угаасаа үшүгийн нэгэн төрөл юм. Үшү-гийн хөдөлгөөнүүдийг илүү соёл урлаг, амьдрал руу ойртуулсан гэж хэлж болох юм.
-Өнгөрсөн жилээс хойш та бүгд хоёр, гурван удаа Монголд ирж тайжи чюань дасгалыг заалаа. Монгол хүн энэ дасгалыг сурахдаа бусад орныхноос ялгарах онцлог байна уу?
-Монголчууд хурдан сурч байна. Яагаад гэвэл, монголчууд хүүхэд байхаасаа л бөх барилдаж, морь унаж өсөцгөөсөн. Тийм ч учраас тэдний хөдөлгөөний эвсэл, биеийн ерөнхий чадал, тэнхээ нь маш сайн байдаг байх гэж бодож байна. Тиймээс тэдэнд энэ дасгалыг хийхэд их амархан байдаг байх (инээв).
-Та олон орноор явж тайжи чюань дасгалын сургалтыг урт богино хугацаагаар явуулдаг гэсэн. Энэ дасгал манай оронд аль хэр хөгжих боломжтой гэж та үзэж байна вэ?
-Өнөөгийн байдлаар, тайжи чюань дасгал дэлхийн олон оронд дэлгэрч хөгжиж байна. Монголын хувьд харьцангуй хожуу хөгжиж байна гэж хэлж болно. Гэтэл Азийн орнууд, тэр дундаа Япон улсад аль өнгөрсөн зууны 80-аад оноос эхэлж дэлгэрч хөгжсөн байдаг тул тайжи чюань дасгалын хөгжлийн түвшин өндөр хэмжээнд хүрсэн байдаг. Дараа нь Өмнөд Солонгос, цаашлаад Зүүн Өмнөд Азийн орнууд, барууны орнууд, Европын орнуудад мөн л илүү сайн хөгжиж байна гэж дүгнэж болно.
Монголчууд тайжи чюань дасгалыг их сонирхоцгоож байна.Тэд энэ дасгалыг хийж сурахыг чин сэтгэлээсээ хүсэж байна. Гэтэл одоогийн бодит байдал дээр энэ талын багш их дутагдалтай байна. Тиймээс биеийн тамирын байгууллагууд хичээллэх сонирхолтой хүмүүсийг Хятадад системтэйгээр бэлтгэх нь зүйтэй болов уу.

-Тайжи чюаниар хичээллэхийн ач тус нь юу юунд байдаг вэ?
-Тайжи чюаниар хичээллэснээр хүний эрүүл мэндэд асар их ач холбогдлоо өгч, урт наслуулж байгааг олон жишээнээс харж болох юм. Үүнийг олон эмнэлэгт хөдөлгөөний эмнэл зүйд ашиглаж байна. Зарим хүн ямар ч эмээр засал авахаа байсан, эмч нь эмчилгээгүй гэсний дараа энэхүү арга, билгийн тэнцвэрийг хадгалсан дасгалаар хичээллээд бодит үр дүнгээ өгсөн байдаг. Тэр ч байтугай олон хүн амьдрах хугацаагаа уртасгасан байдаг. Хүнд өвчтэй гэлтгүй, хөдөлгөөний дутагдалтай, ялангуяа оффист ажилладаг хүмүүст нэн тустай тул зөвхөн хүсээд зогсохгүй зориглон шууд хичээллэх л чухал байна.
Нойргүйдэл, доод үе мөч, аарцагны үйл ажиллагаа, ферментийн зохицуулалт гэх мэтчилэн хүний бие организмд гадна болон дотно аль аль талаас эерэг өөрчлөлтийг өгдөг. Түүнчлэн залуус ажлын ачаалал их үед тайжи чюаниар хичээллэх юм бол стресс, ядаргаагаа амархан тайлж чадна. Хөгшид настайчуудын хөл сулардгаас унаж бэртэх нь амархан байдаг. Тэгвэл тайжи чюань дасгал энэ асуудлыг шууд шийдэж өгдөг сайн талтай. Нэг долоо хоног хичээллэхэд л хөл нь чангарч, үр дүн нь мэдрэгдэнэ дээ.
-Тайжи чюань дасгалын дараагийн сургалт хэзээ болох вэ, ямар онцлогтой явагдах вэ?
-Тайжи чюань дасгалыг зөвхөн хятад соёлын нэг хэсэг гэж ойлгож болохгүй юм. Энэ бол бүхэл бүтэн эмчилгээний арга хэрэгсэл. Хүнд өвчин тусахгүйн тулд урьдчилан сэргийлэх эрүүл арга гэвэл эрүүл амьдралын хэв маяг буюу тайжи чюань дасгалаар хичээллэх юм. Хойтон бид дахин ирж сургалт явуулахдаа хамгийн сайн хоёр оролцогчийг сонгон шалгаруулж, Хятад улсын Жөнжоуд тусгай сургалтад хамруулахаар төлөвлөж байна.
Материаллаг хэрэгцээ нь хангагдаад ирэхээр хүн өөрийн сэтгэл зүй, эрүүл мэндийн асуудлыг илүү анхаарч эхэлдэг. Яг энэ л үед тайжи чюань дасгал энэхүү хэрэгцээг хангах юм. Тиймээс эдийн засаг, цаг хугацааны хувьд боломжтой хүмүүст уриалахад бусдын төлөө эмнэлэгт очих цаг хугацаа, хөрөнгө мөнгийг нь хэмнэж тайжи чюань дасгалаар хичээллэхийг уриалж байна.