Тайванийн сөрөг хүчний намын дарга Хятадад айлчилж байна

БЭЭЖИН, 2026 оны дөрөвдүгээр сарын 9 /BBC/. Тайванийн сөрөг хүчний намын дарга Жэн Ливэнь зургаан өдрийн айлчлал хийхээр Хятад хүрэлцэн иржээ. 

Тайванийн гол сөрөг хүчин болох Гоминьдан намын дарга сүүлийн 10 жилийн хугацаанд анх удаа Хятадад айлчилж байна.

БНХАУ-ын удирдагч Ши Жиньпиний урилгаар зохион байгуулж буй энэхүү айлчлалын үеэр Жэн Ливэнь Бээжин, Шанхай хотууд болон Жянсү мужид зочлох ажээ. 

Тайванийн сөрөг хүчний удирдагчийн зорчин ирсэн онгоц дөрөвдүгээр сарын 7-ны мягмар гаргийн өглөө Шанхайн нисэх онгоцны буудалд газардсан гэж Хятадын төрийн мэдээллийн Синьхуа агентлаг мэдээлжээ. 

Бээжингийн зүгээс Тайваньд үзүүлж буй цэргийн шахалт ширүүсэж буй үед хийж буй айлчлалаа Жэн Ливэнь “Энх тайвны төлөөх аялал” хэмээн тодорхойлжээ. “Энх тайвныг хадгална гэдэг бол Тайванийг хамгаалж буй хэрэг” гэж Жэн Ливэнь Тайбэй хот дахь Гоминьдан намын төв байранд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.

Хятадын эрх баригчид Тайванийг Хятадын “салан тусгаарласан муж” гэж үздэг бол Тайванийн эрх баригчдыг салан тусгаарлах үзэлтнүүд гэж тодорхойлдог. Өөртөө засах эрх бүхий Тайванийг “нэгтгэнэ” гэж Хятад улс эртнээс мэдэгдэж ирсэн бөгөөд энэ зорилгодоо хүрэхийн тулд хүч хэрэглэхийг үгүйсгэдэггүй. Өмнө нь БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин мэдэгдэхдээ, Тайванийг “дахин нэгтгэх”-ийг “түүхэн зайлшгүй шаардлага” хэмээн тодорхойлж байв.

Хятадын Агаарын болон Тэнгисийн цэргийн хүчин Тайванийн засгийн газарт шахалт үзүүлэхийн тулд тус арлын эргийн ойролцоо тогтмол цэргийн сургуулилалт хийдэг ба Тайванийн тал эдгээр сургуулилалтыг халдан довтлоход бэлтгэж буй хэрэг хэмээн мэдэгддэг.

Тайванийн сөрөг хүчний удирдагч Шанхайг зорихынхоо өмнө сэтгүүлчдэд хэлэхдээ, бид дайнаас сэргийлэхийн тулд бүхий л хүчин чармайлтаа гаргах ёстой гэж мэдэгджээ. Гоминьдан намын дарга БНХАУ-ын удирдагч Ши Жиньпинтэй энэ долоо хоногт уулзах төлөвтэй байна.

“Энэхүү айлчлал бол бүхэлдээ Тайванийн хоолойн хоёр эргийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад чиглэсэн учир зэвсэг худалдан авах, эсвэл бусад асуудалтай огт хамааралгүй” гэж Жэн Ливэнь өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ.

Арлын олон оршин суугч Тайванийг бүрэн эрхт улс гэж үздэг. Харин дийлэнх нь Тайванийг тусгаар тогтнолоо албан ёсоор зарлах эсвэл Хятадтай нэгдэхийн алийг нь ч хүсдэггүй, одоогийн “статус-кво”-г хэвээр хадгалахыг дэмждэг байна. 

Гэвч Гоминьдан намын удирдагчийн байр суурь арлыг БНХАУ-аас бүрэн тусгаар тогтнуулахын төлөө байдаг эрх баригч Ардчилсан дэвшилтэт намын шүүмжлэлд өртсөн байна.  

Ардчилсан дэвшилтэт намынхан Жөн Ливенийг Хятадын Коммунист намд бүрэн дагаар орсон гэж буруутгажээ. Үүнээс гадна, Ливэнь Хятадаас учирч буй цэргийн аюул заналыг хэрхэн сөрөн зогсох асуудлаар өөрийн нам дотор ноцтой санал зөрөлдөөнтэй тулгарсан байна. Тус намын харьцангуй аядуу үзэлтэй гишүүд батлан хамгаалахын төсвийг мэдэгдэхүйц нэмэгдүүлэхийг шаардаж байгаа аж.

Тайванийн хууль тогтоогчид батлан хамгаалахын төсвийн асуудлаар сүүлийн хэдэн сарын турш зөвшилцөлд хүрч чадаагүй байна. Тодруулбал, ирэх найман жилийн хугацаанд батлан хамгаалах салбарт нэмж 39 тэрбум ам.доллар зарцуулах тухай Засгийн газрын төлөвлөгөөн дээр санал зөрөлдөж байгаа ажээ.

Сөрөг хүчин (Гоминьдан болон Тайванийн Ардын нам) олонхыг бүрдүүлж буй Тайванийн парламентад батлан хамгаалахын зардалд 39 тэрбум ам.доллар зарцуулах тухай Тайванийн засаг захиргааны тэргүүний санал гацсан байна. Гоминьдан нам цэргийн зардлыг төлөвлөсөн 39 тэрбум ам.доллароос 11.9 тэрбум болгон бууруулахыг санал болгожээ.

Сарын өмнө АНУ-ын Засгийн газар Тайванийн парламентад хандан батлан хамгаалахын төсвийн тухай тусгай хуулийн төслийг батлахыг уриалжээ. Уг төслийг баталснаар Тайванийн тал өмнө нь төлөвлөсний дагуу Америкийн зэвсгийн системийг худалдан авах боломжтой болох юм. Өнгөрсөн оны 12 дугаар сард АНУ Тайваньд 11 тэрбум ам.долларын зэвсэг худалдахыг зөвшөөрсөн байна. АНУ бол Тайванийн хувьд зэвсгийн гол бөгөөд тогтмол нийлүүлэгч улс юм.

Жэн Ливэнь Тайванийн батлан хамгаалах салбарыг бэхжүүлэхийг дэмждэг гэдгээ илэрхийлсэн хэдий ч тус арал Бээжин, Вашингтон хоёр аль нэгнээс сонголт хийх шаардлагагүй гэж мэдэгджээ. Тэрбээр Хятадад хийж буй айлчлалаа энх тайвныг хангахад чиглэсэн гэж мэдэгдсэн хэдий ч Тайванийн эрх баригчид түүний айлчлалыг шүүмжилжээ.

“Хятадын эрх баригчид сөрөг хүчний тэргүүнийг Бээжинд урьсан нь АНУ-аас зэвсэг худалдан авахад, бусад орнуудтай хийж буй хамтын ажиллагаанд саад учруулахыг зорьж байна” гэж Тайванийн Засгийн газар мэдэгдсэн байна.

Жэн Ливэнь 2025 оны 10 дугаар сард Гоминьдан намын даргаар сонгогдсон байна. Тухайн үед Ши Жиньпин түүнийг ялсанд баяр хүргэж, Хятадын Коммунист нам болон Гоминьдан намын хооронд “солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх”-ийг хүсэж буйгаа илэрхийлсэн бөгөөд ингэснээр “үндэсний нэгдлийг” дэмжинэ гэж мэдэгдэж байжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн