“Сүлжилдээн”-ээр Монголын уран бүтээлчид Венецийн тайзнаа

Монгол Улс Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Үндэсний павильоноороо оролцоход бэлэн болжээ.

“In Minor Keys” сэдвийн дор энэ сарын 9-ний өдрөөс 11 дүгээр сарын 22-ныг хүртэл зохион байгуулах тус биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр оролцож, нүүдэлчин соёлын гүн ухаан, түүхэн ой санамж, орчин үеийн уран сэтгэлгээний огтлолцлыг уран бүтээлээрээ дэлхийд толилуулна.

Үзэсгэлэнд Б.Номин, Г.Гэрэлхүү, Ё.Төгөлдөр, Д.Дорждэрэм нар уран зураг, видео, баримал, текстил, инсталляцийн олон төрөлт хэлбэрээр Монголын дүрслэх урлагийн өнөөгийн хөгжил, өвөрмөц өнгө төрхийг илэрхийлж оролцох юм. Тэдний бүтээлүүд нь уламжлал ба орчин үе, хүн ба оршихуйн харилцаа, байгаль ба соёлын шүтэлцээг өөр өөрийн өнцгөөр тайлбарлан харуулж байна.

Монголын павильоны куратороор Ц.Уранчимэг, хамтарсан куратороор Томас Эллер ажиллаж байгаа бөгөөд олон улсын туршлага, судалгааны үндэслэлд тулгуурлан Монголын орчин үеийн дүрслэх урлагийг дэлхийн үзэгчдэд илүү өргөн хүрээнд таниулах юм.

Монгол Улс энэхүү нэр хүндтэй биеннальд оролцох бэлтгэл ажлыг төрийн бодлогоор зохион байгуулж, салбарын яам дэмжлэг үзүүлэхээс гадна соёл урлагийн салбарын түншлэл олон улсын хамтын ажиллагааны хүрээнд “БодьДарма сан”, “Капитрон банк”, “Волт”, “Маршал арт галерей”, “Некст натур дизайн”, “Гончигсумлаа сан”, “Броскод паблишинг” гэх зэрэг 30 гаруй байгууллага, аж ахуйн нэгж хамтран ажиллажээ.

Ташрамд дурдахад, Венецийн 60 дахь удаагийн биеннальд Монгол Улсаас уран барималч, УГЗ А.Очирболд сонгогдож, Монголын павильоны үзэсгэлэн нь “Ирээдүйгээс өнөөдрийг дахин нээхүй” сэдвийн дор бүтээлээ толилуулсан юм. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн