Сэргээгдэх эрчим хүч, ногоон технологи нэвтрүүлэхэд БНСУ-тай хамтран ажиллах санал дэвшүүлэв

Манай улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлд БНСУ-ын “Hanwha” групптэй хамтран ажиллахад нээлттэй, энэ салбарт хөрөнгө оруулбал дэмжихийг АҮУБЯ мэдээлэв.

Энэ талаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням тэргүүтэй “Эрдэнэс Монгол” нэгдлийн төлөөлөгчид БНСУ-ын “Hanwha” групийн Дэд Ерөнхийлөгч Жон Жэ Хю тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэр ярилцсан юм.

Сайд Г.Дамдинням аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарыг олборлолтоос боловсруулах чиглэлд хөгжүүлэхийг зорьж байгаагаа онцлов. Тэрбээр гурван чиглэлд хамтран ажиллах саналаа илэрхийлэхдээ, “Нүүрс боловсруулах технологи, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих, Аж үйлдвэрийн парк байгуулахад хамтран ажиллах боломжтой. Цаашид уул уурхайн төсөлд түлш, шатахууны хэрэглээг багасган ногоон эрчим хүч ашиглах, тоног төхөөрөмжийг цахилгаан болгоход анхаарч байна. Тухайлбал, “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа уул уурхайн компаниуд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах, тоног төхөөрөмжийг цахилгаан болгох үүрэг өгсөн” гэлээ.

Сэргээгдэх эрчим хүч, ногоон технологи нэвтрүүлэхэд БНСУ-тай хамтран ажиллах санал дэвшүүлэв

Мөн Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт гангийн цогцолбор барих төсөлд олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарласанд Hanwha групп оролцох нь нээлттэйг дурджээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн