Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Mozaik Education” компанийн гүйцэтгэх захирлын орлогч Петер Төрөктэй уулзаж, Монгол Улсын боловсролын тогтолцоонд дижитал шилжилт, инновацыг ахиулах боломжуудын талаар санал солилцлоо.
Тус компанийн боловсруулсан хиймэл оюуны хэрэгслүүдийг Монгол Улсын сургуулийн боловсролын төрөл бүрийн түвшинд нэвтрүүлэх боломжтой аж. Иймд хоёр талын шинжээч, мэргэжилтнүүдээс бүрдсэн хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохиролцов.
Уг ажлын хэсэг цаашдын үйл ажиллагааг зохицуулах, хэрэгжилтийн боломжуудыг үнэлэх, хиймэл оюунд суурилсан боловсролын шийдлүүдийг амжилттай нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй ажиллах юм. Боловсролын үйл явцад сурах бичиг чухал үүрэгтэй хэвээр байгаа хэдий ч “Mozaik Education” компанийн боловсролын хэвлэл, сурган хүмүүжүүлэх арга зүй, визуал дизайны олон жилийн туршлагад тулгуурлан одоо ашиглаж буй сурах бичгүүдийг хамтран шинэчлэх талаар дурдлаа.
Мөн баталсан сургалтын агуулгыг өөрчлөхгүйгээр хүүхдүүдийн сонирхлыг илүү татахуйц, суралцахад хялбар, өнөөгийн сурагчдын хэрэгцээнд илүү нийцсэн хэлбэр лүү чиглүүлэх, дүрслэл болон өндөр чанартай зураг чимэглэл, интерактив элемент, сургалтын хөдөлгөөнт дүрслэл, арга зүйн дэмжлэгээр баяжуулснаар шинэчилсэн хэвлэлүүд нь дижитал шилжилтийг дэмжиж, суралцахуйн ерөнхий туршлагыг сайжруулах чухал хэрэгсэл болох боломжтой.
Түүнчлэн уулзалтаар Боловсролын яам, “Mozaik Education” болон тус компанийн Монгол дахь албан ёсны түнш “Мозаун” компани хамтран багшийн сургалтын шинэчилсэн замын зураглал боловсруулах тохиролцоонд хүрсэн талаар Боловсролын яамнаас мэдээлэв.