Боловсролын сайд Л.Энх-Амгалан Сингапур Улсын “Маршалл Кавендиш” боловсролын компанитай сургалтын хөтөлбөр, сурах бичгийг улс орныхоо онцлог, хэл, соёл, үндэсний үнэт зүйлтэй уялдуулан илүү боловсронгуй болгох чиглэлээр санал солилцлоо.
Уулзалтаар боловсролын салбарт олон улсын туршлага, судалгаанд суурилсан сургалтын арга зүйг нэвтрүүлэх, багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих, сургалтын чанарыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар талууд байр сууриа илэрхийллээ.
Сургалтын хөтөлбөрийг зөвхөн мэдлэг олгоход чиглүүлэхээс илүүтэй суралцагчийн асуудал шийдвэрлэх, шүүн тунгаах, логик сэтгэх, бүтээлчээр сэтгэх зэрэг XXI зууны ур чадварыг хөгжүүлэхэд чиглүүлдэг туршлагаа хуваалцав. Тухайлбал, математикийн сургалтад томьёо, тооцооллыг цээжлүүлэхээс илүүтэй ойлголтыг гүнзгий эзэмшүүлэх, асуудлыг олон талаас нь харж, шийдвэрлэх чадварыг хөгжүүлэх арга зүйг хэрэгжүүлдэг талаар танилцууллаа.
Мөн сургалтын хөтөлбөр, сурах бичгийг тухайн улсын онцлог, хэл, соёл, үндэсний үнэт зүйлтэй уялдуулан боловсруулахын зэрэгцээ олон улсын түвшинд үр дүнгээ өгсөн сургалтын арга зүйг нутагшуулах боломжтойг онцоллоо. Түүнчлэн багшийн мэргэжлийн хөгжлийг боловсролын чанарын үндсэн хүчин зүйлсийн нэг гэж үзэж, багш нарыг мэргэшүүлэх сургалт, сургагч багш бэлтгэх, сургалтын дараах зөвлөн туслах үйлчилгээ, хичээлийн ажиглалт зэрэг тасралтгүй мэргэжлийн хөгжлийн тогтолцоо хэрэгжүүлдэг туршлагаасаа хуваалцав.
Цахим шилжилт, хиймэл оюуныг боловсролд ашиглах чиглэлээр санал солилцож, суралцагчийн түвшин, хэрэгцээнд нийцүүлэн суралцах боломж бүрдүүлэх, багшийн ажлын ачааллыг бууруулах, суралцах үйл явцыг дэмжихэд хиймэл оюун, цахим нөөцийг ашиглаж буй туршлагыг танилцууллаа.
Маршалл Кавендиш компани нь Монгол Улсын боловсролын салбарын хэрэгцээ, зорилтод нийцүүлэн сургалтын хөтөлбөр, сурах бичигт дүн шинжилгээ хийх, багшийн мэргэжлийн хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх, сургагч багш бэлтгэх, боловсролын байгууллагуудад зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийллээ.
Мөн Монголын багш, боловсролын мэргэжилтнүүдийг Сингапурт туршлага судлуулах, сургалтын байгууллага, багш бэлтгэх их сургууль, боловсролын байгууллагуудтай холбон ажиллах боломжийн талаар ярилцав.
Цаашид Монгол Улсын боловсролын салбарын хэрэгцээ, зорилтод тулгуурлан хамтын ажиллагааны тодорхой чиглэлүүдийг гаргаж, сургалтын хөтөлбөр, багшийн хөгжил, цахим боловсрол, үнэлгээ, боловсролын чанарын удирдлагын чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг судлахаар тохиролцлоо.