Монгол Улс цаашид БНХАУ-тай мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг, нийтийн удирдлага, судалгаа шинжилгээний ур чадвартай боловсон хүчин бэлтгэхэд хамтран ажиллах сонирхолтой байна.
Энэ тухайгаа Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Төв Хятадын Шинжлэх Ухаан, Технологийн их сургуулийн төлөөллийг хүлээн авч уулзах үеэрээ илэрхийлжээ. Тус сургууль нь БНХАУ-д төдийгүй олон улсад эрдэм шинжилгээ, шинжлэх ухаан, судалгааны чиглэлээр нэр хүндтэй боловсролын байгууллага юм. Өнгөрсөн хугацаанд 800 гаруй монгол оюутан, суралцагчтай хамтран ажиллажээ.
Засгийн газрын ХМОНХГ мэдээлснээр, талууд мэдээлэл технологи, шинжлэх ухаан, судалгаа шинжилгээний салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай харилцан санал солилцож, цаашид үр дүнд чиглэсэн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд нээлттэй гэдгээ илэрхийллээ.
Шадар сайд Н.Номтойбаяр бүсчилсэн хөгжлийн бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж буйтай холбогдуулан БНХАУ-тай бүх түвшинд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч байгааг тодотгожээ.