УИХ-ын дарга С.Бямбацогтод Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв.
Уг хуулийг 1995 онд анх баталсан бөгөөд 2017 онд шинэчлэн найруулсан байна. Гэвч бизнес эрхлэгчид, үндэсний үйлдвэрлэгчид үйл ажиллагаагаа олон улсын стандартад нийцүүлж эхэлснээр тэдний чиг хандлага, хэрэгцээ, шаардлагыг хүчин төгөлдөр мөрдөж буй энэхүү хуулиар зохицуулах боломжгүй болсныг Шадар сайд онцлоод “Эрүүл, аюулгүй орчны хэм хэмжээг тодорхойлох, стандартчилах, эрх зүйн зохицуулалтыг нийгэм, эдийн засгийн хөгжилд нийцүүлэн шинэчлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулсан” хэмээн ярилаа.
Монгол Улсад одоогийн байдлаар 6657 стандарт хүчин төгөлдөр байгаа ч тэдгээрийг дагаж мөрддөгүйгээс шалтгаалан хүн, малын эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, нийтийн ашиг сонирхолд сөрөг нөлөөллийг бий болгожээ. Улмаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөхөд хүрсэн тул цаашид стандартыг дагаж мөрдөх, хэвшүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байгаа аж. Тэгвэл Хуулийн төсөл нь Монгол Улсын хөгжлийн баримт бичигт дурдсан стратеги, чиг хандлагад нийцүүлэн улс орон, нийгэм, эдийн засгийн болоод хүн амын аюулгүй байдлыг хангаж, экспортыг нэмэгдүүлж, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээ, итгэмжлэлийн бодлогоор дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн байна. Шинэчилсэн найруулгын төсөл 9 бүлэг, 36 зүйлтэй бөгөөд дараах асуудлыг тусгасан байна.
Тухайлбал, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага стандартчиллын баримт бичгийг “сонгон” хэрэглэнэ гэсэн нь олон нийтэд стандартыг “сонголт”-оор мөрдөж болох ташаа ойлголтыг төрүүлдэг байна. Иймд стандартын үзүүлэлт шаардлагыг иргэн, хуулийн этгээд хангах, Монгол Улсын хэмжээнд дагаж мөрдөх стандарт, техникийн зохицуулалтыг боловсруулах, хэлэлцүүлэх, батлах үйл явцыг тодорхой болгож, олон талын оролцоог нэмэгдүүлэх, тохирлын үнэлгээний байгууллагуудыг бодлогоор дэмжих, эрх, үүргийг тодорхой болгох, хариуцлагыг нэмэгдүүлэх зохицуулалтыг тусгажээ. Мөн лабораторийн гурван шатны тогтолцоог бий болгох, удирдлага, санхүүжилт, нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх замаар хүний эрүүл мэндийг хамгаалах, худалдаан дахь тарифын бус саад тотгорыг арилгах хүрээнд стандарт, тохирлын үнэлгээний үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх, стандарт, техникийн зохицуулалтын хэрэгжилтийн хяналтыг холбогдох эрх бүхий улсын байцаагч хэрэгжүүлэхийг багтаасан байна.
Хуулийн төслийг баталснаар стандартыг хэрэглэх, түүнийг хэрэгжүүлэх тогтолцоо, лабораторийн шатлал боловсронгуй болж, олон улсын нийтлэг жишигт нийцсэнээр дотоодын бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, стандартыг олон улсад зөвшөөрөх, гадаад худалдаа, экспортыг хөнгөвчлөх нөхцөл сайжирна. Улмаар стандартын хэрэгжилтийг хангаж, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хангана төсөл санаачлагчид үзжээ.
