Сербид олгох санхүүжилтийг түр зогсоожээ

ФРИБУРГ, 2026 оны тавдугаар сарын 2 /DW/. Сербийн шүүхийн тогтолцоонд үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан Европын хөгжлийн сангаас тус улсад олгох санхүүгийн тусламжийг Европын Холбоо /ЕХ/ түр хугацаанд царцаах шийдвэр гаргажээ.  Энэ тухай ЕХ-г өргөжүүлэх асуудал эрхэлсэн комиссар Марта Кос Швейцарын Фрибург хотод мэдэгдсэн байна.

“Шүүхийн тогтолцоон дахь Европын хэм хэмжээнээс ухрах байдал Сербид ажиглагдаж байгаа тул Белград үүссэн нөхцөл байдлыг засаж залруулах хүртэл санхүүжилтийг сэргээхгүй” гэж тэрбээр сануулжээ.

Politico цахим сонинд бичсэнээр, Серб улс ардчиллаас ухарснаас гадна Орос улстай нягт хэлхээ холбоотой байгаа учраас тус улсад олгох 1,5 тэрбум еврогийн санхүүгийн тусламжийг зогсоох асуудлыг Европын комисс хэлэлцэж байна.

Серб улс 2014 онд Европын Холбоонд элсэх асуудлаар тус холбоотой хэлэлцээ хийж эхэлсэн бөгөөд эрхзүйн шинэчлэл хийхийн тулд санхүүгийн тусламж авахаар тохиролцжээ. Politico-гийн нийтлэлд дурдсанаар, Сербид олгох төлбөрийг зогсоосон нь ЕХ-г өргөжүүлэх үйл явцад хүндрэл учруулна. Үүний сацуу Украин, Монтенегро улсууд аль болох ойрын хугацаанд тус холбоонд элсэхийг хүсэж байгаа бол Франц зэрэг нөлөө бүхий улсууд уг асуудлаар болгоомжилсон байр суурьтай байна.  

Нийтлэлд дурдсанаар, эдгээр шалтгаанаас үүдэн Украиныг ЕХ-нд түргэвчилсэн байдлаар элсүүлэх асуудал цуцлагдах магадлалтай. Гэхдээ элсэх хүртэлх хугацаанд тус улсад эдийн засаг, улс төрийн давуу байдлуудыг олгох боломжийг ЕХ судалж байгаа ажээ. Тухайлбал, Украины барааг Европын нэгдсэн зах зээлд илүү их хэмжээгээр нэвтрүүлэх, тус улсыг ЕХ-ны хөтөлбөрүүдэд илүү өргөнөөр оролцуулах гэх мэт. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн