НИАМЕЙ, 2026 оны зургаадугаар сарын 6 /BBC/. Сахарын цөлөөр ачааны машинтай явж байсан 49 хүн цангаж амиа алджээ. Ачааны машин хамгийн ойрын суурин болон уснаас хэдэн арван км-ийн зайд эвдэрсэн байна.
Нигерийн Агадез мужийн амбан захирагчийн мэдээлснээр, эдгээр хүмүүс Малигаас мусульман шашинтнуудын Ид аль-Адха (Курбан-байрам) баярт оролцоод буцаж явж байсан Нигерийн иргэд байжээ. Тэд Тельхандек зогсоолоос хөдөлсөн боловч замаасаа төөрч, Нигер-Алжирын хилийн бүсэд орших Ассамака баянбүрдээс 80 км-ийн зайд машин нь эвдэрсэн байна. Уг газар нь хэдэн арван км-ийн радиуст ямар ч суурин газар байхгүй элсэн цөл ажээ.
Жолооч, зорчигчид ачааны машиныг засах гэж оролдсон боловч чадаагүй байна. Орон нутгийн эрх баригчид Ассамака суурин руу явган хүрч чадсан хоёр хүнээс уг эмгэнэлт явдлын талаар мэджээ. “Усгүй болж, машинаа засаж чадаагүйн улмаас ихэнх нь амьд үлдэж чадсангүй. Ачааны машины доороос, эргэн тойрноос нь олон арван хүний цогцос олдсон” гэж захирагчийн мэдэгдэлд дурджээ. Аврагчид амь үрэгдэгсдийг нийтийн оршуулгын газарт оршуулсан байна.