“Риядын үйл ажиллагааны хөтөлбөрийн олон нийтийн платформ”-ыг танилцуулав

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд “Риядын үйл ажиллагааны хөтөлбөрийн олон нийтийн платформ”-ыг танилцууллаа.

Энэ платформ нь Саудын Арабд 2024 онд болсон СОР16 бага хурлын үеэр эхлүүлсэн Риядын үйл ажиллагааны хөтөлбөрийн үргэлжлэл бөгөөд газрын доройтлыг багасгах, нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх чиглэлээр дэлхий дахинд хэрэгжиж буй бодит үйл ажиллагааг нэгтгэн харуулах зорилготой. Хөтөлбөр нь 2030 он гэхэд 1.5 тэрбум га доройтсон газрыг нөхөн сэргээхийн тулд улс орнуудын сайн дурын санаачилга, үйл ажиллагааг уялдуулахад чиглэж, түншүүдийн санаачилгыг нэг дор харуулахаас гадна хөрсийг нөхөн сэргээхэд оруулж буй хувь нэмрийг үнэлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх дижитал орчин болох юм.

БОУАӨ-ийн дэд сайд Б.Мөнхтамир олон нийтийн энэ платформыг дэмжиж, Засгийн газраас санаачилж буй “Тал хээрийн төлөвлөгөө”-г Риядын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулна гэдгээ илэрхийллээ.

“Риядын үйл ажиллагааны хөтөлбөрийн олон нийтийн платформ”-ыг танилцуулав

Тэрбээр “Монгол Улс COP17-г хүлээн авч буй энэ үед зохион байгуулагч улс орнуудын хоорондын залгамж холбоо, өмнө бий болсон түншлэл, хамтын ажиллагааны эрчийг хадгалахыг чухалчилна. Риядын Үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын Тал хээрийн төлөвлөгөө нь бие биеэ харилцан нөхөх, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын хүрээнд бодит үйл ажиллагааг эрчимжүүлэх боломжтой санаачилгууд юм. Тал хээрийн төлөвлөгөөний үндсэн санаачилга болох Бэлчээрийн тэргүүлэх санаачилга, Ус ба газрын нэгдсэн менежмент, Байгальд суурилсан тогтвортой хөгжлийн санаачилга нь Риядын Үйл ажиллагааны хөтөлбөрийн Олон нийтийн платформтой холбогдоно. Мөн манай улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “333 нуур” санаачилга, хувийн хэвшил, иргэний нийгэм, судалгааны байгууллагын хэрэгжүүлж буй олон төсөл хөтөлбөр тус платформд нэгдэж байна. Монгол Улс цаашид COP16-гийн санаачилга, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар, Ambition Loop, Риядын Үйл ажиллагааны хөтөлбөрийн гишүүдтэй нягт хамтран ажиллаж, газар, ус, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлыг уялдаа холбоотой авч үзсэн цогц арга барилыг дэмжинэ” гэдгийг онцоллоо.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн