“Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг нээлээ.
Тендерийг “Түлхүүр гардуулах нөхцөлтэй, санхүүжилттэй хамтарсан” буюу “EPC+F” хэлбэрээр зарласан юм. Өөрөөр хэлбэл, тендерт шалгарсан гүйцэтгэгч нь төслийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтыг гүйцэтгэх, шаардлагатай тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлт хийхээс гадна төслийн санхүүжилтийг бүрэн хариуцан хэрэгжүүлэх үүрэг хүлээхийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлэв.
“Нэгдүгээр тойрог зам” төслийн олон улсын нээлттэй тендерт дөрвөн аж ахуйн нэгж оролцсон бөгөөд ирэх долоо хоногт тендерийн үнэлгээний хороо хуралдаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах юм. Тодруулбал, “China first highway engineering company limited”, “Shandong Luqiao Group Co., Ltd”, “China Railway 16th Bureau Group Co., Ltd”, “Чайна Гэжуба Групп Лимитэд компани” оролцож байна.
Тус тойрог замын трассын урт 24.7 км, үүнээс 13.7 км нэг түвшний 10 эгнээтэй гол гудамж зам, 2.08 км туннелийн хэсэгтэй, 9.03 км хоёр түвшний гүүр, гүүрэн байгууламжтай байна. Мөн долоон байршилд олон түвшний дайран өнгөрөх уулзвар, явган хүний гурван гүүр, дөрвөн нүхэн гарцтай. Төслийн санхүүжилт 918.57 ам.доллар юм. Тус замыг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Нэгдүгээр тойрог замыг гол болон туслах гудамж зам гэсэн хоёр ангиллаар төлөвлөсөн. Гол гудамж зам нь хоёр урсгалтай, зургаан эгнээтэй, тооцоот хурд 80-100 км/цаг байх бөгөөд гэрлэн дохиогүй, хотын дунд болон холын зайн зорчилтыг саадгүй нэвтрүүлнэ. Харин туслах гудамж зам нь хоёр урсгалтай, дөрвөн эгнээтэй, тооцоот хурд 60 км/цаг байх бөгөөд нийтийн тээврийн хэрэгсэл зорчино. Ингэснээр богино зайн бага хурдтай хөдөлгөөнийг тусгаарлаж, гол гудамж замын урсгалд үзүүлэх нөлөөллийг бууруулна гэж тооцоолжээ.

Нэгдүгээр тойрог зам нь Туулын хурдны замтай хоёр байршилд огтлолцоно. ТЭЦ-4-ийн замаар дайран өнгөрч, I хорооллын баруун тал, үерийн далан дагуу хойш гэр хороолол руу чиглэнэ. Цааш Баянхошуу дэд төвтэй олон түвшний уулзвараар холбогдож, зүүн тийш чиглэх ба Хувьсгалчдын өргөн чөлөөтэй хөндлөн огтлолцож, Самбалхүндэвийн оршуулгын газрын хойд талаар туннелээр гарч, Хайлааст, Долоон буудлын замыг дайран өнгөрнө. Энэ хэсэгт олон түвшний уулзвараар холбогдох юм. Цааш Сэлбэ дэд төвийн урд талаар тойрон гарч Сэлбэ голын дээгүүр өнгөрч, Дарь-Эхийн замтай гүүрээр холбогдоно.
Дээрх замыг ашиглалтад оруулснаар хотын төвийн бүсийн замын ачаалал дунджаар 23-50 хувиар багасаж, оргил ачааллын үеийн тээврийн хэрэгслийн дундаж хурд 23.3 хувиар нэмэгдэх боломжтой. Үүний зэрэгцээ замын нэвтрүүлэх чадвар Зүүн дөрвөн замд 23, Баруун дөрвөн замд 21, Баянбүрдийн тойрогт 14, Их Монголын гудамжинд 10 хувиар нэмэгдэх ажээ.