Нэрт сэтгүүлч, нийтлэлч Г.Отгонбаярын үйл хэрэг, дурсгалыг хүндэтгэн “Нийтлэлч Отгонбаяр” сан болон “iToim” агентлагаас сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдааны шилдгүүд өнөөдөр тодорлоо.
Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдаанд улс төр, эдийн засгийн нийт 44 нийтлэл ирсэн бөгөөд шүүгчээр “Unlimited Media Group”-ийн гүйцэтгэх захирал, соёлыг гавьяат зүтгэлтэн С.Батбаатар, “Эргэлт.мн” сайтын ерөнхий редактор, сэтгүүлч Б.Энхмарт, МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн дэд профессор Д.Идэржаргал, МУБИС-ийн ректор, профессор Ж.Батбаатар нар ажиллажээ.
Энэхүү уралдааны тэргүүн байрыг “Монголын баримт шалгагч төв”-ийн баримт шалгагч, сэтгүүлч Л.Анударь “Ерэн мянган долларын манипуляци” бүтээлээрээ эзэллээ. Харин дэд байрт “Үндэстний ТОЙМ” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Ч.Гангэрэл “Ерөнхийлөгчийн сонгуульд бүгд харанхуй орно” нийтлэлээрээ шалгарсан бол гутгаар байрын шагналыг “Өнөөдөр” сонины тоймч Ж.Сувдмаа “Хуульгүй томилгоо” хүртсэн байна.
Уралдааны шүүгчдийг төлөөлж “Unlimited Media Group”-ийн гүйцэтгэх захирал С.Батбаатар ярихдаа, “Сэтгүүлчид, тэр тусмаа залуу сэтгүүлчид дата дээр их ажилладаг болсон байна. Өөрөөр хэлбэл, эх сурвалжийг илүү чухалчилж, өгөгдлийг ашиглахад илүү анхаардаг болжээ. Гэвч сэтгүүлчдийн бүтээл нэг хэв загварт зангилаатай байгааг анзаарлаа. Энэ нь сэтгүүлчийн ур чадвартай холбоотой юм. Нийтлэлүүдийн дата, сэдэв нь өөр хэрнээ бичлэгийн арга барил нь нэг хэв загварт байгааг олон бүтээлээс ажигласан. Г.Отгонбаяр сэтгүүлч ур чадвараараа бусад сэтгүүлчээс ялгардаг байсан. Зөвхөн дата цуглуулаад тэрийгээ тухайн үеийн улс төр, эдийн засагтай холбоод бичлээ гээд сайн сэтгүүл зүйн бүтээл болж чадахгүй юм. Одоо үед мэдээллээ цуглуулахад маш том боломжтой болсон. Харин түүнийгээ урлаж, хүн бүхэнд анзаарагдах, уншигдаж чадахаар болгох хэрэгтэй байна” гэв.
“Нийтлэлч Отгонбаяр” сангаас зарласан шилдэг бүтээлийн уралдаан нь мэргэжлийн сэтгүүл зүйг дэмжих, орчин цагийн сэтгүүл зүйд үйл явдлын учир шалтгаан, төлөв байдал, асуудлын мөн чанарыг задлан шинжилсэн аналитик бүтээлүүлийг түгээн дэлгэрүүлэх, сэтгүүлчдийн ур чадварыг ахиулахад оршиж байгаа юм.







