СӨХ-ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл буюу Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ.
Манай улсад СӨХ-ны тоо тогтмол нэмэгдэж, 2023 оны байдлаар 1,676 болжээ. Мөн СӨХ-ны нэрээр 2.2 сая ам.метр газар ашиглах эрх бүртгэгджээ. Иргэдээс СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой 15 мянга өргөдөл, гомдол гаргаж, 9 мянга гаруй нэхэмжлэлийг шүүхэд ирүүлсэн нь эрх зүйн зохицуулалт хангалтгүй байгааг илтгэж байгааг Засгийн газрын ХМОНХГ мэдээлэв.
Хуулийн төслийг баталснаар орон сууцны байшингийн дэвсгэр, орчны газрыг өмчлөгчид дундаа хязгаартай эзэмших эрх зүйн орчныг бүрдүүлж, өмчлөх эрхийн баталгааг бүрэн хангана. Менежментийн компанийг нээлттэй, өрсөлдөөнт байдлаар, хамтын зарчмаар сонгон шалгаруулснаар дундын өмчийн эд хөрөнгийн арчлалт, хамгаалалт, засвар, үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх боломж бүрдэх юм. СӨХ-ны гишүүдийн хурлыг цахимаар хийх, үйл ажиллагаа, санхүүгийн ил тод, нээлттэй байдлыг хангах, сууц өмчлөгчид, орон нутгийн удирдлага, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагаас хяналт тавих эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.
Мөн сууц өмчлөгчөөр ашиглалтын зардлыг заавал төлүүлэх, хуульд заасан хугацаанд төлөөгүй сууц өмчлөгчид хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгох боломж бүрдэхээс гадна ногоон байгууламж, зүлэг, хүүхдийн тоглоом, спорт талбай, сүүдрэвч, гэрэлтүүлэг, явган хүний зам, авто машины зогсоолын ашиглалт, үйлчилгээ сайжрах юм. Орон сууцны байшингийн засвар, арчлалтын сан байгуулснаар урсгал, их засвар хийх санхүүгийн эх үүсвэртэй болж, сууц өмчлөгчид эрүүл, аюулгүй орчинд тохь тухтай амьдрах, ажиллах нөхцөл бүрдэж, улс, орон нутгийн төсвөөс дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчин тодорхой болох ажээ.