Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, соёрхон баталлаа.

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Лүндэг танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Тус Байнгын хороо хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 78 дугаар зүйлд заасныг үндэслэн 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэнийг дурдаад “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээв.

Гишүүд хоёр улсын хоорондын хэлэлцээрийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улс хэчнээн улс оронтой Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээрийг хийсэн болон цаашид хийхээр төлөвлөж байгааг тодруулав. Мөн хэлэлцээр хийсэн улсад нийт хэчнээн монгол иргэн амьдарч буй талаар лавласан юм.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгал, хуримтлалын сангийн бодлогын газрын дарга н.Рэнцэндорж, Монгол Улс одоогийн байдлаар долоон улстай нийгмийн даатгалын хэлэлцээр хийсэн. Тухайлбал, ОХУ-тай 1981 онд энэ хэлэлцээрийг хийсэн бөгөөд тус улсад 3466 иргэн ажиллаж байгаа бол БНСУ-тай 2007 онд нийгмийн даатгалын хэлэлцээрийг байгуулж, тус улсад 55900 монгол иргэн байгаа гэсэн албан мэдээлэл бий гэлээ.  

Мөн Бүгд Найрамдах Унгар Улс, Бүгд Найрамдах Польш, Бүгд Найрамдах Турк, Бүгд Найрамдах Чех, Бүгд Найрамдах Казакстан улстай уг хэлэлцээрийг хийсэн.  Хэлэлцээр хийсэн дээрх орнуудад нийт 92147 иргэн ажиллаж байгаа нь гадаадад байгаа нийт монгол иргэдийн 35 хувийг эзэлж байгаа аж. Цаашид Австрали, ХБНГУ, АНУ-тай энэ төрлийн хэлэлцээр хийхээр ажиллаж байгаа юм байна.

Ингээд Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 69.3 хувь нь дэмжлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн