Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 26 //. НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсэг сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг өнөөдөр хэлэлцлээ.

Энэхүү хурлаар НИТХ-ын дарга А.Баяр насанд хүрээгүй иргэн суррон унаж авто замын хөдөлгөөнд оролцохыг бүрэн таслан зогсоох, хориглох, уг тээврийн хэрэгслийг мотоциклийн ангилалд хамруулж, стандарт, шаардлагыг мөрдүүлэхийг үүрэг болголоо. Мөн тэрбээр “Хүүхдүүд бие хүн болж төлөвшөөгүй, замын хөдөлгөөний эрсдэлийг бүрэн ойлгох чадвар сул. Гэтэл эцэг эхчүүд хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулах зэвсэг авч өгч буйгаа ухамсарлахгүй байна” гэв.

Албаныхны мэдээлснээр сүүлийн 2-3 жилд цахилгаан дугуй, скүүтэр, сурроны хэрэглээ огцом нэмэгдсэнтэй холбоотой зам тээврийн осол, гэмтлийн тоо өссөн. Тухайлбал, 2024 онд энэ төрлийн тээврийн хэрэгсэлд хамаарах ослын 300 гаруй тохиолдол бүртгэгджээ. Үүний 40 гаруй хувь нь хамгаалалтын хэрэгсэлгүй, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй, замын хөдөлгөөний дүрэм мэдэхгүй өсвөр насныхан байжээ.

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэдээллээр дулааны улиралд 5-9 дүгээр сард цахилгаан тээврийн хэрэгсэлтэй холбоотой осол, бэртлийн дуудлага эрс нэмэгддэг бөгөөд толгой, гар, хөлний хүнд гэмтэл зонхилдог байна. Тиймээс НИТХ-ын дарга А.Баяр дараах шаардлагыг мөрдүүлэхийг үүрэг болголоо. Үүнд:

  • 18 нас хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглох
  • 18 нас хүрсэн иргэн суррон унах бол А ангиллын жолооны үнэмлэхтэй байх
  • Улсын бүртгэл, дугаар, тэмдэглэгээтэй байх
  •  Хамгаалалтын каск, бээлий заавал өмсөх
  • Баруун, зүүн гарын дохио, хоёр талын тольтой байх

Энэхүү зохицуулалт хэрэгжсэнээр хүүхэд, өсвөр үеийнхнийг зам тээврийн ослоос сэргийлэх ач холбогдолтойг албаныхан онцоллоо.

Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн