Найроби хот хөнгөн атлетикийн ДАШТ-ийг зохион байгуулах хүсэлтээ өгчээ

НАЙРОБИ, 2026 оны наймдугаар сарын 11. /ТАСС/. Кени улс 2029 оны хөнгөн атлетикийн ДАШТ-ийг зохион байгуулах хүсэлтээ албан ёсоор гаргасан тухай Capital FM радиостанц мэдээлжээ.

Ингэснээр тус улсын нийслэл Найроби хот ДАШТ-ийг зохион байгуулах эрхийн төлөө Лондон, Ром, Мюнхен хотуудтай өрсөлдөх бөгөөд ялагчийг 9 дүгээр сард тодруулах юм. Кени улс энэ эрхийг авч чадсан тохиолдолд задгай цэнгэлдэх хүрээлэнд хөнгөн атлетикийн ДАШТ-ийг зохион байгуулсан Африкийн анхны орон болно.  

Тус улсын засгийн газар мэдэгдэхдээ, ДАШТ-д шаардлагатай дэд бүтцийг бий болгож, аюулгүй байдлыг хангаж, зохион байгуулалтын арга хэмжээг өндөр түвшинд авч хэрэгжүүлнэ гэжээ.  

Кени улс өмнө нь 2007 онд кроссын ДАШТ, 2017 онд 18 хүртэлх насныхны ДАШТ, 2021 онд 20 хүртэлх насныхны ДАШТ-ийг зохион байгуулж байсан туршлагатай. Түүнээс гадна Олон улсын хөнгөн атлетикийн холбооны ивээл дор болдог Kip Keino Classic, Sirikwa Classic Cross Country гэсэн хоёр тэмцээнийг тус улсад жил бүр зохион байгуулдаг. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн