Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Эстони Улсын Гадаад хэргийн яам хоорондын Улс төрийн дөрөвдүгээр зөвлөлдөх уулзалтыг Таллин хотноо энэ сарын 18-ны өдөр зохион байгуулав.
Улс төрийн зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Европ, Африкийн газрын захирал Г.Баттунгалаг, эстонийн талаас Ази, Номхон Далай, Ойрхи Дорнод, Африкийн газрын захирал Кристи Карелсон нар тэргүүлэн оролцов.
Уулзалтаар талууд Монгол, Эстонийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хоёр улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгасан нийтлэг зорилтуудын хүрээнд тэлж, хамтын ажиллагааг цахим засаглал, мэдээллийн технологи, эдийн засаг, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцов.
Мөн энэ онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал, Эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын талаар мэдээлж, эстонийн талаас өндөр түвшинд төлөөлөл оролцоно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Зөвлөлдөх уулзалтаар НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааны талаар ярилцаж, олон улсын зарим асуудлаар санал солилцов.
Монгол Улс, Бүгд Найрамдах Эстони Улстай 1991 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ онд дипломат харилцааны 35 жилийн ой тохиож байна гэж ГХЯ мэдээлэв.