Монгол Улсын Манлай уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын хурдан хязаалангийн уралдаан шимтэй сайхан болж өндөрлөлөө.

Энэ жилийн хязаалангийн уралдаанд газар газрын шандаст 242 хурдан үрээ бүртгүүлснээс 45 нь хэмжилтээр хасагдсан байна. Улмаар 197 хурдан үрээ гарааны зурхайгаас эргэв.

Наадамчин олныг огшоосон хурдан хязаалангийн уралдаанд Төв аймгийн Бүрэн сумын харьяат, Монгол Улсын Манлай уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүлсэн бол Төв аймгийн Сүмбэр сумын уяач Б.Чулуунсүхийн халтар үрээ аман хүзүүдлээ. Х.Улам-Өрнөх манлайгийн хувьд гурван жил дараалан төрийн наадамд хурдан хүлгээ айрагдуулж байгаа нь энэ.

Тэгвэл айргийн гуравт Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, Монгол Улсын Алдарт уяач Г.Ганчулууны хээр, дөрөвт Хөвсгөл аймгийн Рашаант сумын уяач Ц.Амарсанаагийн бор үрээ, тавд Төв аймгийн Эрдэнэсант сумын уяач Б.Цогбаярын хонгор халзан үрээ тус тус хурдалж, Хүй долоон худагт хурсан олныг баясгалаа. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн