Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр, Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгч Масато Канда нар Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа.

100 сая ам.долларын санхүүжилттэй уг төсөл нь байгалийн аюулт үзэгдлийн давтамж нэмэгдэж буй энэ үед хүний амь, иргэдийн амьжиргааг хамгаалах, Монгол Улсын гамшгийн эрсдэлийг бууруулах, сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхэд чиглэнэ. Төслийн хүрээнд гал түймэртэй тэмцэх, аврах ангиудыг шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангах, 200 сайн дурын олон нийтийн багийг чадавхжуулах, мөн Багахангай дүүрэгт Онцгой байдлын алба хаагчдын сургалтын төвийг шинээр байгуулахаар төлөвлөжээ.

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Жон Жухён Жонтой уулзахдаа онцгой байдлын салбарын санхүү, хөрөнгө оруулалтын чадавхыг бэхжүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих нь гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийг даван туулах, сөрөн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг онцолсон байна.

Харин Суурин төлөөлөгч Жон Жухён Жон 100 сая ам.долларын санхүүжилттэй төслийг хэрэгжүүлэхэд Шадар сайд биечлэн анхаарч, бодит ажил хэрэг болгож байгаад талархаад, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө хамтарч ажиллахаа илэрхийлжээ.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн