Улаанбаатар, 2026 оны наймдугаар сарын 3 //. Монгол Улс 2026 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 568,989 гадаадын жуулчин хүлээн авч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 90,537 жуулчинаар буюу 18.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Сүүлийн дөрвөн жилийн 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо тогтвортой өссөн бөгөөд 2023 онд 364,594, 2024 онд 435,037, 2025 онд 478,452 байсан бол 2026 онд 568,989-д хүрч, хамгийн өндөр үзүүлэлт бүртгэлээ.
Зөвхөн 2026 оны 7 дугаар сард Монгол Улсад 150,257 гадаадын жуулчин ирсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 128,808 жуулчнаас 21,449-өөр буюу 16.7 хувиар өссөн үзүүлэлт болж байна.
Сүүлийн дөрвөн жилийн 7 дугаар сард ирсэн жуулчдын тоог харьцуулбал, 2023 онд 100,911, 2024 онд 139,502, 2025 онд 128,808 байсан бол 2026 онд 150,257 болж, 7 дугаар сарын хэмжээнд хамгийн өндөр үзүүлэлтэд хүрчээ. Энэхүү өсөлт нь Монгол Улсын аялал жуулчлалын салбарын сэргэлт, олон улсын зах зээл дэх эрэлт нэмэгдэж байгааг илтгэхийн зэрэгцээ 2026 оны аялал жуулчлалын улирал өмнөх жилүүдээс илүү үр дүнтэй үргэлжилж байгааг харуулж байна.