Монгол Улсаас АНУ-ын Миннесота, Юта мужид суух өргөмжит консулыг томилов

Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяр Монгол Улсаас АНУ-ын Миннесота мужид суух Өргөмжит консулаар Ц.Энхбилэг, Юта мужид суух Өргөмжит консулаар Рэймонд Ричард Прайсыг томилсон тухай патентын хуулбарыг гардуулан өгөв.

Элчин сайд Ө.Батбаяр энэ үеэр шинээр томилогдсон Өргөмжит консулд Монгол Улс, АНУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, аялал жуулчлал, боловсролын салбарын хамтын ажиллагааг дэмжих, Монголыг сурталчлан таниулах, Миннесота мужид оршин суугаа монгол иргэдийн эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлыг онцгойлон анхаарахыг тэмдэглэснийг Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ мэдээлжээ.

Монгол Улсаас хилийн чанадад суугаа Өргөмжит консул нь дипломат албаны орон тооны ажилтан биш бөгөөд тухайн улсад байнга оршин суудаг, хариуцсан тойрогтоо бизнес, нийгэм, олон нийтэд нэр хүнд бүхий иргэнийг томилдог онцлогтой. Монгол Улсын Засгийн газраас санхүүгийн дэмжлэг авалгүй сайн дурын үйл ажиллагаа явуулж, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулдаг. Монгол Улсыг тухайн бүс нутагт төлөөлөхөөс гадна хариуцсан нутаг дэвсгэрт оршин суугаа монгол иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөх, шаардлагатай тохиолдолд ЭСЯ-тай холбох, онцгой нөхцөл байдал үүссэн үед дэмжлэг үзүүлэх зэргээр тусалдаг. Мөн хоёр улсын бизнесийн байгууллагыг холбох, хөрөнгө оруулалт татахад дэмжих, худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх, соёл, боловсрол, спортын үйл ажиллагааг зохион байгуулах чиглэлээр ажилладаг ажээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн