Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн яам хоорондын Улс төрийн наймдугаар зөвлөлдөх уулзалт энэ сарын 22-нд Анкара хотноо болов.
Уулзалтаар талууд Монгол, Туркийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөвийн талаар дэлгэрэнгүй санал солилцож, хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцааг харилцан сонирхсон салбаруудад өргөжүүлэн бэхжүүлэх, ялангуяа харилцан ашигтай бодит төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцов.
Мөн энэ онд Улаанбаатар хотноо зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал, Дэлхийн адууны өдөр, Эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын талаар мэдээлж, туркийн талаас өндөр түвшинд төлөөлөл оролцоно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Зөвлөлдөх уулзалтаар НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааны талаар ярилцаж, олон улсын зарим асуудлаар санал солилцлоо.
Улс төрийн зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Европ, Африкийн газрын захирал Г.Баттунгалаг, туркийн талаас Ази, Номхон Далайн орнуудын газрын захирал Коркут Гүнген нар тэргүүлэн оролцов гэж ГХЯ-наас мэдээллээ.