Монгол, Норвегийн харилцааг эдийн засаг, хөрөнгө оруулалтын агуулгаар баяжуулах боломжтойг онцлов

, 2026 оны гуравдугаар сарынГадаад харилцааны сайд Б.Батцэцэг Норвег Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд тус улсын Олон улсын хөгжлийн сайд Оoсмүнд Грөвер Аүкрүсттэй уулзаж, олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын харилцааг өргөжүүлэх талаар болон олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцлоо.

Уулзалтаар талууд ардчилал, хүний эрх, хууль дээдлэх нийтлэг үнэт зүйлсэд тулгуурласан Монгол, Норвегийн харилцааг эдийн засаг, хөрөнгө оруулалтын агуулгаар баяжуулах, энэ хүрээнд сэргээгдэх эрчим хүч, байгаль орчны хамгаалал, ойн аж ахуй, ногоон технологи, боловсрол, соёл, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж байгааг онцоллоо.

Мөн олон талт хамтын ажиллагааны хүрээнд манай хоёр улс үр дүнтэй хамтран ажиллаж буйг онцолсон бөгөөд “Сонгуульд нэр дэвшигчид, улс төрийн намууд болон сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх тухай” НҮБ-ын тогтоолыг Норвег Улстай хамтран санаачилж, батлуулсныг тэмдэглэв.

Энэхүү үр дүнтэй хамтын ажиллагааг цаашид бататгах, тухайлбал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, бэлчээр, хөрсний зохистой менежмент, ойжуулалт зэрэг чиглэлээр хамтран ажиллах санал тавьж, энэ оны 8 дугаар сард Улаанбаатар хотод болох НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд сайд Оосмүнд Грөвер Аүкрүстийг оролцохыг урилаа.

Сайд Б.Батцэцэг Монгол Улсад 2024 онд баталсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хүрээнд байгуулсан “Чингис хаан” Үндэсний баялгийн сангийн үйл ажиллагааны талаар танилцуулж, баялгийн сангийн засаглал, хөрөнгийн удирдлагын тэргүүлэх туршлагаа манай улстай хуваалцаж байсан Норвегийн Засгийн газарт талархал илэрхийлэв гэж ГХЯ-наас мэдээлэв.

Монгол, Норвегийн харилцааг эдийн засаг, хөрөнгө оруулалтын агуулгаар баяжуулах боломжтойг онцлов 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн