Монголын хөлбөмбөгийн U20 насны шигшээ  өнөөдөр Умард Марианы Арлууд багтай тоглоно

Азийн хөлбөмбөгийн холбооны 20 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээн 2027 онд БНХАУ-д болно.

Тэмцээний хүрээнд урьдчилсан шатны 11 хэсгийн тоглолтууд өнөөдөр зэрэг эхэлж байгаа юм. Эндээс “I” хэсгийн тоглолтуудыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон. Монголын багийн бүрэлдэхүүнд дотоодын клубүүдэд тоглодог залуу тоглогчдоос гадна гадаадын их сургууль, клубүүдэд хөлбөмбөгийн замналаа үргэлжлүүлж буй тамирчид багтжээ. Шигшээ багийн хаалгачаар Б.Хүслэн, Г.Ган-Эрдэнэ, А.Билгүүн, хамгаалагчаар  Г.Дөлгөөн, Ө.Цэлмүүн, Г.Маргад, С.Ханбилэг, З.Тэнүүнбаяр, Б.Одбая, Х.Билгүүн, хагас хамгаалагчаар Н.Эрдэнэбаатар, Б.Энх-Амар, Ө.Содбилэг, Вольф Ким, Б.Батмэнд, С.Одхүү, Б.Саруултөгс, Ходжес Дантел Даян, Б.Хабул, Б.Сүлд-Эрдэнэ, Э.Энэрэл, довтлогчоор Ё.Жэйсон, Э.Молор нар тоглоно.

Тэмцээнд оролцох Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Марко Ражини “Манай залуучуудын баг энэ тоглолтуудаараа Монголын хөлбөмбөгт тодорхой ахиц, өөрчлөлтүүдийг гаргана гэсэн зорилготой байгаа. Тамирчид маань клубүүдээсээ нэгдээд сүүлийн сар гаруйн хугацаанд нэгдсэн бэлтгэл хийсэн. Энэ удаагийн 20 хүртэлх насны шигшээ баг бол Монголын хөлбөмбөгийн ирээдүйд маш чухал нөлөө үзүүлэх тамирчдаас бүрдсэн гэж үзэж байна. Энэ баг маань шинээр бүрдээд анхны тэмцээндээ орох гэж байгаа учраас монголчуудыг ирж дэмжиж, урам зориг өгөөсэй гэж хүсэж байна” гэлээ.

Харин шигшээ багийн тоглогч Б.Хабул “Манай баг дотоод, гадаадаас ирсэн тоглогчидтой хүчтэй бүрэлдэхүүнтэй. Багийн нэгдэл уур амьсгал ч сайн байна. Дараагийн шатанд шалгарна гэсэн итгэлтэй байгаа болохоор үзэгчдийнхээ итгэлийг алдалгүй сайн тоглоно. Шигшээ багаа Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэхэд ирж дэмжээрэй” хэмээн уриалав. 

Урьдчилсан шатанд Монголын шигшээ өнөөдөр 13:00 цагт Умард Марианы Арлуудын багтай тоглоно. Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд болох уг тоглолтод үзэгчдэд нээлттэй бөгөөд тэмцээнийг С1 телевиз эх орон даяар шууд дамжуулах ажээ. Тэгвэл хэсгийн хоёр дахь тоглолтоо ирэх сарын 6-ны ням гарагт Гуамын эсрэг эхийх юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн