Монголын баг Олон улсын мэдээлэл зүйн 38 дугаар олимпиадад оролцохоор Ташкент хотыг зорилоо

Улаанбаатар, 2026 оны наймдугаар сарын 10 //. Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо Олон улсын мэдээлэл зүйн 38 дугаар олимпиад /IOI 2026/ энэ сарын 9-16-нд зохион байгуулна.

Тус олимпиадад Монгол Улсаас оролцох баг энэ сарын 9-ний өдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас Ташкент хотыг зорилоо.

Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн дөрвөн сурагч багтаж байна. Үүнд:

  • Оюунлаг сургуулийн 12 дугаар ангийн сурагч Г.Эрхэм
  • Эрхэт Эрдэм сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Мөнх-Эрдэнэ
  • Нэст Эдүкэйшн сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Г.Эрхэм
  • Эрхэт Эрдэм сургуулийн 12 дугаар ангийн сурагч Э.Мөнхтөр нар оролцоно.

Монголын багийн ахлагчаар Монголын мэдээлэл зүйн олимпиадын хорооны гишүүн, ШУТИС-ийн МХТС-ийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор А.Хүдэр, дэд ахлагчаар Монголын мэдээлэл зүйн олимпиадын хорооны гишүүн, МУБИС-ийн МБУС-ийн ахлах багш Ж.Дашдэмбэрэл нар ажиллана.

Мөн олимпиадад зочин оролцогчоор Эрхэт Эрдэм сургуулийн захирал Ч.Сугардорж, тус сургуулийн багш Б.Цэрэнпил нар оролцоно.

Олон улсын мэдээлэл зүйн олимпиад нь оролцогчдын алгоритм, программчлалын мэдлэг, логик сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадварыг сорьдог дэлхийн хэмжээний тэмцээн юм. Оролцогчид хувийн амжилтаар өрсөлдөх бөгөөд хоёр өдрийн турш өдөр бүр 3 бодлогыг 5 цагийн хугацаанд бодож, нийт 600 онооны төлөө өрсөлдөнө.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн