Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

ШИНЭ ДЕЛИ, 2026 оны долоодугаар сарын 20 /Reuters/. Энэтхэгийн нийгмийн идэвхтэн Сонам Вангчук 60 нас дөхөж яваа хэдий ч тус улсын Ерөнхий сайд Нарендра Модигийн Засгийн газрын Боловсролын сайдыг шалгалтын материал задарсан асуудалтай холбогдуулан огцрохыг шаардаж буй Z үеийн залуусын хөдөлгөөний нүүр царай болоод байна. Тэрбээр гурван долоо хоногийн турш өлсгөлөн зарласны дараа эмнэлэгт хүчээр хүргэгдсэн нь түүнийг дэмжигчдийн эгнээг улам бүр тэлжээ.

Болливудын алдартай уран сайхны киноны гол дүрийн хэв шинжийг бүрдүүлсэн хүн гэгддэг Ванчук нь Хятадтай хил залгаа Хималайн нурууны Ладак бүс нутгийн асуудлаар тууштай тэмцэгч гэдгээрээ олноо танигдсан нэгэн юм. Харин энэ удаад тэрбээр сая сая сурагчид сөргөөр нөлөөлсөн шалгалтын материал задарсан явдлыг эсэргүүцэн өлсгөлөн зарласан нь Энэтхэгийн залуучуудын дэмжлэгийг татан Z үеийнхний өргөн хүрээний хөдөлгөөн болон өргөжиж, Модигийн засгийн газарт шахалт үзүүлж эхэлжээ.

Дели хотын цагдаа нар амралтын өдрүүдэд түүнийг эмнэлэгт хүргэхээс ч өмнө олон хүн Ванчгукийг Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Махатма Гандитай зүйрлэж байв. Түүнийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн дүрс бичлэг, захидал, зурвас тус улсын өнцөг булан бүрээс, Болливудын жүжигчдээс хүртэл ирсээр байгаа ажээ. 

Вангчук нь Ладакийн хамгийн нэр хүндтэй нийгмийн зүтгэлтнүүдийн нэг бөгөөд өндөр уулын цөлийн бүсэд боловсролын шинэчлэл, усны нөөцийг хамгаалах төслүүдийг хэрэгжүүлснээрээ алдартай. Түүний энэ үйл ажиллагааг үнэлэн 2018 онд Азийн Нобелийн шагнал гэгддэг Рамон Магсайсайн шагнал хүртээжээ.

1966 онд Ладакийн Алтайтокпо хэмээх алслагдсан жижиг тосгонд төрсөн тэрбээр Кашмир дахь Үндэсний технологийн хүрээлэнд инженерийн ангид 19 настайдаа суралцаж байхдаа англи хэл, математик зэрэг суурь хичээлүүдээр давтлага өгөх хөтөлбөр санаачлан, олон зуун сурагчид тусалж байжээ. Сүүлд нь тэрбээр “Ладакийн сурагчдын боловсрол, соёлын хөдөлгөөн”-ийг үүсгэн байгуулсан байна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн