Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 12 //. 2025 онд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн тоо өмнөх оныхтой харьцуулахад гэмт хэрэг 20 гаруй хувь, зөрчил 26.6 хувиар өссөн нь энэ төрлийн гэмт хэргийн гаралт тогтмол өсөх хандлагатай байгаа талаар ХЗДХЯ-наас мэдээлэв.
Мансууруулах бодисын төрөл, хэлбэр өөрчлөгдөж, синтетик мансууруулах бодис болон урвуулан хэрэглэдэг эм, бодисын хэрэглээ өсч байна. Тухайлбал, 2017-2025 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, эм, ахуйн хий зэрэг бодис хэрэглэсний улмаас нийт 49 хүн нас барсан бол мөн хугацаанд 17 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, урвуулан хэрэглэх эрсдэлтэй эм, бодисыг илрүүлээд байна.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд үндэсний ангилал, жагсаалтыг тогтоох, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой үйл ажиллагааг зөвхөн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх, энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах, эрүүгийн хуульд энэ төрлийн эм, бодисын “их хэмжээ”, “онц их хэмжээ”-ний шалгуурыг тодорхой болгож тусгах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон донтох эмгэгийн сэргээн засах үйлчилгээг төрөөс дэмжиж, хувийн хэвшлүүдтэй хамтран хэрэгжүүлэх, Хууль бус эргэлтийг сурталчилсан зар сурталчилгаа, контент бүтээгчдэд хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан байна.
Тус хуулийн шинэчилсэн найруулгын төслийг, Засгийн газрын ээлжит хуралдаанаар өчигдөр хэлэлцүүлж, УИХ-д өргөн барихаар болсон юм.