ВАШИНГТОН, 2026 оны аравдугаар сарын 11/ТАСС/. Америкийн теннисчин Коко Гауффын эсрэг арьсны өнгөөр ялгаварлан гадуурхсан доромжлолууд интернэтээр тархсаныг НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газар зэмлэн буруушаалаа. Энэ талаарх мэдэгдлийг НҮБ-ын хэвлэлийн алба нийтэлжээ.
Ийнхүү мэдэгдэх болсон шалтгааныг дурдвал, Бээжинд болсон теннисний тэмцээний III тойрогт Хятадын тамирчин Сун Синжантай хийсэн тоглолтын үеэр Гауфф гараа өргөж, гэрэлтүүлэг муу байгаа талаар гомдол гаргасан байна. Хятадын теннисчний хожлоор дууссан уг тоглолтын дүрс бичлэгийг үзсэний дараа дахин тоглуулахаар болж, Гауфф хожжээ. Үүний дараа өөрийнх нь эсрэг арьсны өнгөөр ялгаварласан доромжлолууд нийгмийн сүлжээнд олноор нийтлэгдэх болсон талаар К.Гауфф ярьсан байна.
“Теннисчин Коко Гауффын эсрэг арьсны өнгөөр ялгаварлан гадуурхсан үг хэллэг нь туйлын жигшүүртэй бөгөөд хар арьст эмэгтэй тамирчид үзэн ядалт, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах доромжлолын бай болж буйг харуулж байна. Спорт бол арьсны өнгө ба хүйсээр гутаан доромжлох явдалд огтхон ч орон зай байх ёсгүй салбар юм. Тамирчид, дасгалжуулагчид болон спортын байгууллагууд ийм халдлагад өртсөн хүмүүсийг хамгаалах үүрэгтэй бөгөөд хөгжөөн дэмжигчид ч мөн адил арьсны өнгө, хүйсээр ялгаварлан гадуурхаж, спортын нэр хүндийг гутаагчдад няцаалт өгөх ёстой” гэж НҮБ-ын агентлагийн мэдэгдэлд дурдсан байна.
Бээжингийн тэмцээний IV тойргоос хасагдсан Гауфф дараа нь Уханийн тэмцээнд оролцоогүй байна. Өнгөрсөн улиралд тэрбээр Уханьд аваргалсан юм.
Өдгөө 22 настай Гауфф дэлхийн чансааны дөрөвдүгээрт бичигдэж байна. Эмэгтэй теннисчдийн холбооны /WTA/ ивээл дор болдог тэмцээнүүдийн ганцаарчилсан төрөлд тэрбээр 12 удаа түрүүлж, Их дуулгад 3 удаа аваргалжээ. Ганцаарчилсан төрөлд US Open /2023/, Ролан Гарросын тэмцээнд /2025/, хосын төрөлд Ролан Гаррост /2024/ тус тус түрүүлжээ.
