Бүгд Найрамдах Гватемал Улсын Гадаад хэргийн сайд Карлос Рамиро Мартинез Монгол Улсад долоодугаар сарын 2-5-нд айлчиллаа. Тэрбээр айлчлалын хүрээнд агентлагт ярилцлага өгсөн юм.
-Тантай уулзаж ярилцаж байгаадаа таатай байна. Таны Монгол Улсад хийж буй айлчлалын гол зорилго юу вэ?
–Энэ онд манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байгаа билээ. Уг онцгой мөчийг тохиолдуулж Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар танай сайхан оронд айлчлахаар ирлээ.
-Өнгөрсөн жил болсон Монгол Улс, Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны форум “ФЕАЛАК” одоогийн айлчлалд хэр их нөлөөтэй байсан бэ?
–Энэ удаагийн айлчлал бол “ФЕАЛАК”-тай шууд хамааралгүй. Харин 2025 оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейд оролцохдоо Б.Батцэцэг сайдтай биечлэн уулзсан нь энэ удаагийн айлчлалыг хэрэгжүүлэхэд нөлөөлсөн. Улс төрийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах анхны санамж бичигт гарын үсэг зурснаар энэхүү айлчлал эхэлж, долоодугаар сарын 3-нд анхны зөвлөлдөх уулзалт боллоо.
-Энэ айлчлалаар хоёр тал ямар нэгэн хэлэлцээр болон түншлэлийн гэрээ хийх төлөвтэй байгаа юу?
–Хоёр тал өмнө ярьж байсан хамтын ажиллагааны чиглэлүүдийг илүү бодитой болгох асуудлыг голлон ярилцлаа. Хамгийн эхэнд боловсролын салбарт хамтран ажиллахаар гарын үсэг зурсан. Мөн бид өргөн хүрээнд худалдааг хөгжүүлэх бодолтой байна. Өмнө манай хоёр улсад шууд худалдаа байхгүй байсан. Цаашид яаж худалдааг эхлүүлэх, хөгжүүлэх тал дээр нэлээд дэлгэрэнгүй ярилцлаа.
Хамгийн эхэнд Гватемалаас Монгол Улс руу шууд кофе оруулж ирэх тал дээр нэлээд сонирхол байх шиг байна. Тэгээд дараа нь өөр бараа бүтээгдэхүүн оруулж ирэхээс гадна худалдааны үйл ажиллагааг эрчимтэй болгох чиглэлээр дараа дараагийн яриа хэлэлцээ үргэлжлэх байх.

-Энэ удаагийн яриа хэлэлцээнд чөлөөт худалдааны гэрээ хийх талаар хөндөх болов уу?
–Үгүй, тэр түвшний хэлэлцээнд арай хүрээгүй байна. Магадгүй дараагийн хэлэлцээнд байж болох зүйл. Одоогоор эхний ээлжинд худалдааны гараа эхлэх хэрэгтэй, тэгээд дараагийн түвшинд очиход олон дамжлага, үе шатуудыг туудах болж таарна. Үүнд ямар бараа бүтээгдэхүүн экспортолж, импортлох боломжтой байна гэдэг жагсаалт гаргах гэх мэт ажлууд орно.
-Энэ удаагийн айлчлалын хүрээнд яригдаж буй гол хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярьж өгөөч?
-Соёл урлаг, их дээд сургуулиуд, боловсролын байгууллагуудын хамтын ажиллагаа энэ айлчлалаар яригдаж байгаа гол сэдэв. Монгол Улсын Их Сургууль болон Гватемалын Рафаэл Ландивар их сургууль хоорондын хамтын ажиллагааны бэлтгэл ажил үндсэндээ хийгдээд ойрын өдрүүдэд гарын үсэг зурагдах төлөвтэй байна.
Мөн манай хоёр улс 1000 жилийн түүхтэй соёлын өвийг хадгалж ирсэн ижил улсууд. Тэр ч утгаар энэ өвөө хамгаалах, сурталчлах, таниулах чиглэлээр туршлага солилцохоор санал солилцсон. Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх хэлэлцээ хийгдэж байгаа.
-Энэ удаагийн айлчлалыг үр дүнтэй болгохын тулд манай хоёр улс юу хийх ёстой вэ?
-Хамгийн түрүүнд энэ богино хугацаанд хэрэгжүүлж эхэлсэн ажлуудаа идэвхтэй үргэлжлүүлэхээс гадна, таны дээр дурдсан “ФЕАЛАК”-ын хүрээнд бүс нутагтай өргөжүүлж, хөгжүүлж болох механизмуудад анхаарах хэрэгтэй. Мөн дипломат болон аяллын визээс чөлөөлөх талаар ярьж байгаа. Үүнийг шийдэж болно гэж бодож байна.
-Та сая Гватемалаас Монгол руу кофе нийлүүлэх талаар ярьсан. Харин Монгол Улсаас танай улсад юу нийлүүлж болохоор байна?
-Мэдээж Монголын уул уурхайн салбар хамгийн их хөгжиж байгаа гол салбар. Гэхдээ газрын баялгийг манайх руу зөөж авна гэдэг хүндрэлтэй. Харин манай улс Монгол шиг хүйтэн болдоггүй ч, ноос ноолууран бүтээгдэхүүн авч болох байх.
-Олон улсын түвшинд манай хоёр улс хэрхэн бие биенээ дэмжиж ажиллаж болох вэ?
-НҮБ-ын энхийг сахиулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдэд манай хоёр талын байр суурь ижил түвшинд байдаг. Бие биенээ дэмждэг. Хаити улсад Монголын энхийг сахиулагчид очиж ажиллахад Гватемал улс анх хүлээн авч, манай нутгаас цааш зорчсон. Б.Батцэцэг сайд энэ асуудлыг онцгойлон хөндөж, манай улсыг магтсан би маш их баяртай байгаа. Энэ мэтээр цаашид хоёр тал бие биенээ олон улсын тавцанд дэмжиж ажиллах бүрэн боломжтой.
-Танд цаг заваа гарган бид нартай ярилцсанд баярлалаа.