Иран улс 14 заалт бүхий энхийн төлөвлөгөөг  АНУ-д хүргүүлжээ

ТЕХРАН, 2026 оны тавдугаар сарын 3 /DW/.  Ойрх Дорнод дахь дайныг зогсоох гол нөхцөлүүдээ тусгасан 14 заалт бүхий энхийн төлөвлөгөөг Ираны эрх баригчид АНУ-д хүргүүлсэн тухай “Fars”, “Tasnim” агентлагууд ням гарагт шилжих шөнө мэдээлжээ. Одоо Техран Вашингтоны хариуг хүлээж байгаа ба уг төлөвлөгөө нь АНУ-ын өмнө нь санал болгосон 9 заалт бүхий төлөвлөгөөний хариуд санал болгож буй баримт бичиг аж.

“Tasnim” агентлагийн мэдээлснээр, АНУ-ын тал хоёр сарын хугацаатай гал зогсоохыг санал болгосон байсан бол Ираны эрх баригчид “бүх асуудлыг нэг сарын дотор шийдвэрлэх шаардлагатай” гэдэг хариуг өгч, “анхаарлыг гал зогсоох хугацааг сунгахад биш, харин дайныг дуусгахад төвлөрүүлэх ёстой” гэж мэдэгджээ.

Мөргөлдөөнийг тайван замаар зохицуулах Ираны хувилбарт Вашингтоноос үл довтлох баталгаа гаргах, хил орчмын бүс нутгуудаас АНУ-ын цэргийг бүрэн гаргах, тэнгисийн цэргийн бүслэлтийг зогсоох, Ираны царцаагдсан хөрөнгийг чөлөөлөхийг шаарджээ. Мөн учирсан хохирлыг нөхөн төлөх, хориг арга хэмжээг цуцлах, бүс нутаг дахь байлдааны ажиллагааг зогсоох (үүнд Израилаас Ливан руу довтлохыг зогсоох), “Ормузын хоолойн үйл ажиллагааны шинэ механизм” бий болгохыг шаардсан байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Техраны саналыг таашаах эсэхдээ эргэлзэж байна. Энэ долоо хоногийн эхээр Ираны эрх баригчид зөрчилдөөнийг шийдвэрлэх саналаа дэвшүүлж байсан хэдий ч Д.Трамп сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, “Исламын Бүгд Найрамдах Иран Улсын эрх баригчид түүний өгч чадахгүй зүйлийг нэхэж байна” гэж мэдэгдсэн юм.

Иран улс мөргөлдөөнийг зохицуулах шинэ санал ирүүлсэн гэдгийг Д.Трамп тавдугаар сарын 3-нд баталжээ. Тэрбээр баримт бичгийг удахгүй судлахаа мэдэгдсэн боловч Техраны санал түүнд таалагдана гэдэгт эргэлзэж буйгаа хэлсэн байна.

“Тэд сүүлийн 47 жилийн хугацаанд хүн төрөлхтөн, дэлхий дахинд учруулсан хор хохирлынхоо төлөө хангалттай өндөр үнэ төлөөгүй байгаа тул уг саналыг хүлээн зөвшөөрөх боломжтой гэж төсөөлөхгүй байна” гэж Д.Трамп “Truth Social” сүлжээндээ бичжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн