Ерөнхий боловсролын 30 сургуульд үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой эерэг сургалт зохион байгуулна

Монголын өмгөөлөгчдийн холбооноос үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Тус холбооноос үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн, холбогдсон хүүхдүүдэд чиглэсэн сургалтын үйл ажиллагааг эерэг өнгө аясаар зохион байгуулахаар төлөвлөжээ.

Энэ үеэр МӨХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Э.Билгүүн ярихдаа “Олон улсын судалгаагаар манай улсын хүн амын 45 хувь нь 10-24 насныхан байна. Түүнээс 13-17 насны хүүхдүүдийн 26.8 хувь нь сүүлийн 30 хоногт үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн гэсэн судалгаа бий. Энэ нь НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн тайланд дурдагдсан үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, энэ асуудал дотоодод төдийгүй олон улсын хэмжээнд анхаарал татсан асуудал болжээ. Манай улсын хувьд 14-өөс дээш насны хүүхдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой. Тухайлбал, 16-аас дээш насны хүүхэд бусдад хүнд гэмтэл учруулсан тохиолдолд 5-12 жилийн хорих ялтай. Эцэг эх, асран хамгаалагчдын хувьд хохирол төлбөрийг хариуцах үүрэгтэй. Үүнд сэтгэл зүйн болон эмчилгээний зардлууд багтдаг. Одоогоор Монгол Улсад үе тэнгийн дээрэлхэлт гэдгийг тусгайлан хуульчилсан зохицуулалт байхгүй ч энэ чиглэлд хуульчлах шаардлагын талаар ярьж байна” хэмээлээ.

Тус холбоо зөвхөн хууль, эрх зүйн асуудалд анхаарахгүй, дээрэлхэлтэд өртсөн хүүхдүүдийн сэтгэл зүйг давхар анхаарах шаардлагатайг онцоллоо. Энэ хүрээнд сэтгэл зүйн төвүүд, мэргэжлийн сэтгэлзүйчидтэй хамтран ажиллаж эхэлсэн байна. Энэхүү санаачилгад Нийслэлийн боловсролын газар, Булган аймаг, Дундговь аймгийн Сайнцагаан сумын ИТХ-аас орон нутагтаа өмгөөлөгч, сэтгэлзүйчдийн оролцоотой сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулах санал тавьжээ. Тиймээс үндэсний хэмжээнд аймаг, нийслэлийн сургуулиудад эрх зүй болон сэтгэл зүйн чиглэлийн сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд эхний ээлжинд 30 орчим сургуулийн дунд ангийн сурагчдад сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн