Монголын шатрын холбооноос энэхүү спортыг боловсролын салбарт “Chess in Schools” хөтөлбөрийг үе шаттайгаар нэвтрүүлэх ажлын хүрээнд Дэлхийн шатрын холбоо болон Боловсролын яамтай хамтран олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Төрийн ордонд зохион байгууллаа.

“Нэг нүүдэл-Оюуны цар, Нэг хүүхэд-Монголын ирээдүй” гэсэн уриан дор болсон хуралд Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, ФИДЕ-ны ерөнхийлөгч Аркадий Дворкович тэргүүтэй албаныхан болон шатрын зүтгэлтнүүд, ЕБС-ийн захирлуудын төлөөлөл оролцсон юм. Уг хөтөлбөрийг өнөөдрийн байдлаар Нэгдүгээр сургууль дээр туршилтаар хэрэгжүүлж байгаа бөгөөд цаашид Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх ЕБС-д хэрэгжүүлэх ажээ. Эрдэнэ шинжилгээний хурлыг Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар нээсэн бол Боловсролын сайд Л.Энх-Амгалан хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар мэдээлэл өгөв. Харин их мастер А.Энхтуул “Шатар ба Боловсрол” сэдвээр илтгэл тавихдаа Армен, Хятад, Энэтхэг зэрэг орон шатрын спортод тулгуурлан ЕБС-иудад ямар хөтөлбөр хэрэгжүүлдэг талаар дурдсан юм. Тэгвэл гавьяат дасгалжуулагч, “Төр монгол” санг үүсгэн байгуулагч Ц.Батболд сан болон клубээрээ дамжуулан энэ хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлж байгаа тухай мэдээлэл хуваалцлаа.

Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар ярихдаа “Дэлхийн шатрын холбоо “Шатар ба боловсрол” уриан дор дэлхий даяар олон үйл ажиллагаа зохион байгуулж байна. Тус холбоо шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх, олимпын спортын төрөл болгох, боловсролын салбарт ашиглах чиглэлээр үе шаттай бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа. Шатар бол зөвхөн спорт биш. Шинжлэх ухаан, боловсрол, урлагийг хослуулсан онцгой үнэ цэнтэй үйл ажиллагаа юм. Шатрын урлагийн үнэ цэнийг зөвхөн хөлөг дээр харж буй нүүдэлд бус, харин түүний цаана орших уран сэтгэмж, тооцоолол, бүтээлч сэтгэлгээнд байдаг гэж үздэг. Ийм учраас дэлхийн олон улс орон шатрыг боловсролын салбартаа өргөнөөр ашиглаж байна. Судлаачид, эрдэмтдийн олон судалгаагаар шатар нь хүүхдийн төвлөрөл, ой санамж, логик сэтгэлгээ, хүмүүжил төлөвшилд эерэг нөлөө үзүүлдэг болохыг тогтоосон байдаг. Өнөөдрийн хуралд ЕБС-ийн удирдлагууд оролцож, өөрсдийн туршлагаа хуваалцаж буйгаараа онцлогтой. Тухайлбал, нийслэлийн 1 дүгээр сургуульд туршилтын журмаар хэрэгжүүлсэн шатрын боловсролын хөтөлбөрийн үр дүнгийн талаар тус сургуулийн захирал Б.Энхболд илтгэл тавилаа. Шатар нь зөвхөн сурлагын амжилтыг дэмжихээс гадна хүүхдийн хүмүүжил, төлөвшилд чухал нөлөө үзүүлдэг. Бид шатрыг хүүхдүүдэд албадан суралцуулах зорилго тавиагүй. Харин боловсролын үйл ажиллагааг дэмжих үр дүнтэй арга хэрэгсэл болгон ашиглахыг зорино. Өнөөдөр хүүхдүүдийн дунд гар утасны хэт хэрэглээ, дэлгэцийн хамаарал, харилцааны бэрхшээл, сургуулийн дээрэлхэлт зэрэг асуудлууд тулгамдаж байна. Шатар нь эдгээр асуудлыг бууруулахад эерэг нөлөө үзүүлж, хүүхдүүдийг бие биенээ хүндэтгэх, дүрэм журам баримтлах, тэвчээртэй байх, зөв өрсөлдөх соёлд суралцахад тусалдаг. 1 дүгээр сургуулийн сурагчдаас авсан судалгааны үр дүнд хүүхдүүд өөртөө итгэх итгэл нь нэмэгдсэн, анхаарал төвлөрөл сайжирсан, гар утасны хэт хэрэглээ багассан, найз нөхөдтэйгөө илүү хүндэтгэлтэй, нөхөрсөг харилцах болсон гэж хариулсан байна. Мөн ёс суртахуун, хүмүүжлийн хувьд эерэг өөрчлөлт гарсан талаар онцолсон. Иймээс ирэх намраас эхлэн сургуулийн шатрын хөтөлбөрийг улс орон даяар үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” гэв.

Харин Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Монголд Дэлхийн шатрын холбоо болон Дэлхийн сургуулийн шатрын холбооны төлөөлөгчид хүрэлцэн ирсэн. Сүүлийн жилүүдэд шатрын хөгжлөөрөө дэлхийд тэргүүлж буй орнууд боловсролын салбартаа “Сургуулийн шатар” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Иймээс бид Дэлхийн сургуулийн шатрын холбоотой хамтран ЕБС-ийн сургалтын үйл ажиллагаанд шатрыг үе шаттайгаар нэвтрүүлэх, олон улсын сайн туршлагыг нутагшуулах чиглэлээр хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан. Шатар бол зөвхөн спортын төрөл биш. Харин XXI зуунд хамгийн эрэлттэйд тооцогдож буй ур чадваруудыг хөгжүүлэх үр дүнтэй боловсролын хэрэгсэл юм. Тухайлбал, шатар нь шүүн тунгаах сэтгэлгээ, эргэцүүлэн бодох чадвар, зөв шийдвэр гаргах чадвар, асуудал шийдвэрлэх ур чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтой. Мөн өнөөгийн нийгэмд улам бүр чухал болж буй бусдыг ойлгох, хамтран ажиллах, хариуцлагатай байх зэрэг хувь хүний төлөвшил, нийгэм-сэтгэл зүйн ур чадварыг хөгжүүлэхэд ч эерэг нөлөө үзүүлдэг. Тиймээс хэрэгжүүлэх гэж буй энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь шатарчин бэлтгэхэд бус, харин шатрын сургалтаар дамжуулан XXI зуунд шаардлагатай зөөлөн ур чадваруудыг хүүхэд бүрд төлөвшүүлэхэд оршиж байгаа юм. Цаашид бид олон улсын шилдэг туршлага, сургалтын арга зүй, хөтөлбөрүүдийг нутагшуулан, бага ангиас эхлэн хүүхэд бүрийг шатрын боловсролд хамруулах чиглэлээр хамтран ажиллана. Өөрөөр хэлбэл, шатар заах төдий бус энэ боловсролоор дамжуулан хүүхэд бүрийн сэтгэн бодох чадвар, зан төлөв, ирээдүйн амьдралд шаардлагатай ур чадваруудыг хөгжүүлэхэд чиглэж байна” хэмээн ярилаа.



Энэхүү эрдэм шинжилгээний хурлын үеэр Монголын шатрын холбоо Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч Аркадий Дворковичтой сургуулийн шатрыг дэмжих хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав. Мөн Монголын шатрын холбоо болон Боловсролын яам хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан юм. Хамтын ажиллагааны хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудыг 10 мянган шатрын иж бүрдлээр хангах, багш нарыг шатар заах арга зүйгээр сургах, сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, олон улсын туршлага судлуулах зэрэг цогц ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.


