ВАШИНГТОН, 2026 оны есдүгээр сарын 28 /Reuters/. АНУ, Израилтай үүссэн зөрчилдөөнийг гагц дипломат арга замаар шийдвэрлэх боломжтой гэж Ираны тал ням гарагт дахин мэдэгджээ. Ормузын хоолойг нээж, мөргөлдөөнийг зогсоох тухай Ираны талын саналыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хүлээж авахаас татгалзсаны дараа уг мэдэгдлийг хийсэн байна.

“Бидний тавьсан нөхцөл тодорхой. Ормузын хоолойг нээх аливаа алхам нь эдгээр нөхцөл биелэх эсэхээс шууд шалтгаална. Мухардлаас гарах цорын ганц арга зам бол яриа хэлэлцээ хийх юм” гэж Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи олон нийтийн сүлжээнд мэдэгджээ.

Ираны тал өнгөрсөн долоо хоногт Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр энх тайвны төлөвлөгөөгөө танилцуулж, саналаа Катарын зуучлагчдаар дамжуулан Америкийн талд хүргүүлсэн гэж мэдэгдсэн юм. Харин Д.Трамп уг төлөвлөгөөг хүлээж авахаас татгалзсанаа бямба гарагт мэдэгдээд, Ираны тал далайн тээврийн уг чухал замын асуудлаар хэлэлцээ хийхийг эрмэлзэж буй нь тэд мухардалд орсонтой холбоотой гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.

“Тэд маш хүнд байдалд орж, ялагдаж байгаа учраас Ормузын хоолойг нэн даруй нээх тохиролцоонд хүрэхийг хүсэж байна” гэж Д.Трамп Цагаан ордонд сэтгүүлчдэд хэлсэн байна. Гэсэн хэдий ч тэрбээр дипломат хэлэлцээ хийх боломжийг нээлттэй хэвээр үлдээжээ. Д.Трамп “Axios” сонинд ням гарагт утсаар ярилцлага өгөхдөө “Америкийн хэлэлцээ хийгчид энэ долоо хоногт илүү олон яриа хэлэлцээ хийнэ” гэж найдаж байна гэсэн байна.

А.Арагчигийн хэлснээр, Техран, Вашингтоны яриа хэлэлцээнд зуучилж буй талууд Ираны төлөвлөгөөнөөс АНУ-ын тал татгалзсан тухай албан ёсоор мэдэгдээгүй байгаа аж. “Зуучлагчид АНУ-ын эцсийн байр суурийг бидэнд уламжлахыг хүлээж байна. Бид тэдгээрт үндэслэн шийдвэрээ гаргана” гэж тэрбээр бичжээ.

Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх хөлөг онгоцнууд руу Ираны талаас хийж буй довтолгоог зогсоохын тулд АНУ-ын засаг захиргаа Техранд эдийн засгийн хориг арга хэмжээ авчээ. Эдгээр халдлагын улмаас тус бүс нутгаар дамжин өнгөрөх далайн тээвэр саатаад байгаа хэдий ч Д.Трамп уг замыг АНУ хяналтдаа байлгаж байгаа гэж удаа дараа мэдэгдсээр байна.

Үүний зэрэгцээ Ираны зэвсэгт хүчний ерөнхий командлагч Амир Хатам мэдэгдэхдээ, дайн шийдвэрлэх чухал шатандаа орсон гээд, гадаадын гүрнүүд бүс нутгийн стратегийн ач холбогдолтой усан замыг ашиглаж байхад Иран улс худалдаа хийх боломжгүй нөхцөл байдлыг бид хүлээн зөвшөөрөхгүй гэж нэмж дурдсан байна. “Хэрэв Иран улс худалдаа хийх, хэвийн амьдрах боломжгүй нөхцөлд хүрвэл бүс нутагт өөр хэн ч худалдаа хийж, хэвийн амьдрах боломжгүй болно” гэж тэрбээр хэлснийг тус улсын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дамжуулжээ.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн