ВАШИНГТОН, 2026 оны есдүгээр сарын 15 /Kazinform/. Орос, Украины талууд харилцан бие биенийхээ эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгөхөө зогсоохоор тохиролцсон гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Truth Social” нийгмийн сүлжээнд бичжээ. Тэрбээр товч мэдэгдэлдээ дэлхий даяар дизель түлшний үнэ өсөж буйд АНУ, Ираны мөргөлдөөнөөс илүүтэйгээр Орос, Украины дайн “ихээхэн” нөлөөлж байна хэмээн тайлбарласан байна.

Үүнээс өмнө буюу есдүгээр сарын 13-нд тэрбээр “Irish Open” гольфын тэмцээнийг үзэх үеэр сэтгүүлчидтэй ярилцахдаа Украины удирдагч Владимир Зеленскийд хандан Оросын дизель түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлтийн дэд бүтцэд цохилт өгөхөө зогсоохыг уриалжээ. “Бид энэ талаар ноён Зеленскийтэй ярилцсан. Өөр олон бай бий. Дизель түлшний дэд бүтцэд цохилт өгөхгүй байх хэрэгтэй” гэж Д.Трамп хэлээд “Та нар Оросын дизель түлшний дэд бүтцэд цохилт өгөхөө зогсоох ёстой. Энэ нь дэлхий нийтэд хохирол учруулж байна” гэж  онцолжээ.

Харин В.Зеленский дараа нь өөрийн “Telegram” сувгаар мэдэгдэхдээ, Оросын тал Украины эрчим хүчний салбар, бусад эрчим хүчний байгууламж, чухал дэд бүтэц, хүнсний нийлүүлэлтэд цохилт өгөхгүй байх бодит амлалтыг түнш орнууд баталгаажуулж чадвал бид Оросын эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгөхөө зогсооход бэлэн байна гэжээ. Гэхдээ тэрбээр “Орос улс ямар нэгэн тохиролцоог дагаж мөрдөх хүсэлтэй эсэхэд итгэлгүй байна” гэж дурдсан байна.

В.Зеленский мөн ийм тохиролцоо нь урт хугацаанд хэрэгжих, хүмүүсийн амьдралд бодитоор нөлөөлөх ёстойг онцолжээ. Түүнчлэн “Оросын тал сонгуулиа явуулж, тэр хугацаанд бензин, дизель түлшний асуудлаарх хурцадмал байдал намжсаны дараа” цуцлагдах ёсгүй гэдгийг мэдэгдсэн байна.

“Дайныг дуусгах хэрэгтэй. Чухал дэд бүтэцтэй холбоотой хурцадмал байдлыг намжаах алхам нь энх тайванд хүрэх эхний алхам байж болох юм” гэж Украины удирдагч хэлжээ.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн