ДЭМБ: Зам тээврийн ослоор нас барсан хүмүүсийн тоо 21 хувиар буурчээ

НЬЮ-ЙОРК, 2026 оны долоодугаар сарын 21 /Kazinform/. Дэлхий даяар автомашины тоо 2011-2025 оны хооронд 1 тэрбум гаруйгаар нэмэгдсэн хэдий ч зам тээврийн ослоор амиа алдсан хүмүүсийн тоо 21 хувиар буурчээ.

Гэхдээ зөвхөн 2025 онд гэхэд 1 сая 160 мянган хүн автын ослоор нас барсан бөгөөд 5-аас 29 хүртэлх хүүхэд залуучуудын нас баралтын гол шалтгаан нь зам тээврийн ослоос үүдэлтэй гэмтэл бэртэл болж байна.

Энэ тухай авто замын аюулгүй байдлын асуудлаарх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд түвшний хуралдаанд ДЭМБ-аас танилцуулсан илтгэлд дурджээ.

Замын аюулгүй байдлыг хангах тогтолцоонд хөрөнгө оруулах аваас автомашины тоо эрс өссөн ч гэсэн зам дээр амиа алдах тохиолдлыг бууруулах боломжтой гэдгийг дээрх тоо харуулж байна хэмээн ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус мэдэгдлээ.


Шинэ тунхаглал

Дээд түвшний хуралдааны эхний өдөр гишүүн орнууд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай улс төрийн шинэ Тунхаглалыг баталсан байна. Уг тунхаглалд “2030 он гэхэд зам тээврийн ослоор нас барсан, ноцтой гэмтэл бэртэл авсан хүмүүсийн тоог 2021 оны үетэй харьцуулахад 50 хувиар бууруулах зорилтод хүрэх үйл явцыг хурдасгахыг” уриалжээ.

Дэлхийн хүн амын 60 орчим хувь нь хотуудад амьдарч буй энэ үед хувийн автомашинд зориулан бий болгосон зам тээврийн бүтцүүд хэт их ачаалалд нэрвэгдэж байна. Таксины болон хүргэлтийн үйлчилгээ өргөжиж буйгаас шалтгаалан 2011-2025 онд дэлхий даяарх мотоциклын тоо 3 гаруй дахин өсжээ. Үхэлд хүргэж буй ослуудын бараг 1/3 нь мотоциклтой холбоотой бөгөөд мотоциклын хамгаалалтын малгай өмссөнөөр ослоор нас барах эрсдэл 6 дахин буурч байгааг баримт бичигт дурдсан байна. Үүнтэй холбогдуулан “Аюулгүй бөгөөд хүртээмжтэй хамгаалалтын малгайны талаарх санаачилга” /Safe and Affordable Helmets Initiative/ гэдэг дэлхий дахиныг хамарсан хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснийг хуралдааны үеэр зарласан бөгөөд Honda, Autoliv компаниуд санаачилгыг дэмжжээ.

ДЭМБ: Зам тээврийн ослоор нас барсан хүмүүсийн тоо 21 хувиар буурчээ

Цахилгаан скүүтэр, цахилгаан унадаг дугуй, жолоочгүй автомашин зэрэг шинэ төрлийн тээврийн хэрэгслүүд бий болсон нь сорилт бэрхшээл үүсгэж байгаагийн сацуу тээврийн салбарыг шинээр төлөвлөх боломжийг нээж байна. Хуулийн цоорхойг нөхөж, аюулгүй байдлын нэгдсэн стандартуудыг бий болгох, бүх төрлийн тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн шинэ арга замуудыг хайж олоход шинжээчдийг татан оролцуулах ажлыг ДЭМБ зохион байгуулж байна.

ДЭМБ-ын Эрүүл мэнд, урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн газрын захирал Этьен Круг мэдэгдэхдээ “зам тээврийн осолд өртөн амиа алдсан хүмүүсийн талаас илүү хувь нь явганаар эсвэл унадаг дугуй, мотоциклоор зорчиж буй хүмүүс байна. Зөвхөн автомашинд зориулан замыг төлөвлөж буй үед дээрх хүмүүс аюулд өртсөөр байна” гэлээ. Хуулийг чангатгаж, чанд мөрдөж, аюулгүй дэд бүтцийг болгож, хурд сааруулах болон согтуугаар жолоо барих явдалтай тэмцэхэд онцгой анхаарал хандуулах шаардлагатай болсныг тэрбээр онцлон тэмдэглэв.

Дэлхийн 10 улс орон 2021 оноос өмнөх 10 жилийн хугацаанд зам дээр нас барсан тохиолдлыг 50 хувиар бууруулсан байна. Гэхдээ эл үзүүлэлт бүс нутгуудад харилцан адилгүй байгаа юм. Тухайлбал, Европт 36 хувиар, Номхон далайн баруун бүсэд 15 хувиар, Зүүн Өмнөд Азид 2 хувиар буурсан бол Америкийн бүсэд өөрчлөлт гараагүй, Африк тивд нас барсан хүмүүсийн тоо 17 хувиар өсжээ.

2030 он гэхэд зам тээврийн ослоор нас барсан, ноцтой гэмтэл бэртэл авсан хүмүүсийн тоог 2021 оны үетэй харьцуулахад 50 хувиар бууруулах зорилтод хүрэхэд 5 жил хүрэхгүй хугацаа үлджээ. Үүнийг амжилтай хэрэгжүүлэх эсэх нь зөвхөн шинэ технологи, олон улсын хэлэлцээрүүд төдийгүй замын аюулгүй байдалд оруулах хөрөнгө оруулалт, эрхзүйн орчин, эмнэлгийн чанартай тусламж, урьдчилан сэргийлэх арга хэмжээнээс шалтгаалах болно.  

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн